Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажил хийж гүйцэтгэх мэргэжлийн байгууллагуудыг сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна

 

Нээх огноо: 2023.01.10-ны  09:00 цаг

Хаах огноо: 2023.02.03-ний 17:00 цаг

Сонгон шалгаруулалтын дугаар: 2023/01

 

Тэрбум мод сан нь ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт хийх туршлагатай аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Улаанбаатар хотын төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжийн тохижилт”-ын ажлыг хийж гүйцэтгэх нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцохыг  урьж байна.

Сангийн тухай:

Монголбанк, Монголын Банкны Холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих санг 2022 оны 3-р сард үүсгэн байгуулж, Сангийн удирдлага, менежментийг Монголын тогтвортой санхүүгийн холбоо (ТоС Холбоо) хариуцан ажиллаж байна. Тэрбум Мод Сангаас олон нийт, албан байгууллагуудын санаачилгаар хэрэгжүүлэх ойжуулалт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх нийгмийн шинж чанартай төслүүдэд хамтын санхүүжилт олгох замаар Монгол Улсын ногоон, тогтвортой эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж байна. Сангийн тухай нэмэлт мэдээлэлтэй https://billiontree.mn/ цахим хаягаар танилцах боломжтой.

Ажлын хамрах хүрээ:

Уг ажлын хүрээнд сонгон шалгаруулах байгууллага нь Сангаас 2022 онд зарласан Төсөл сонгон шалгаруулах хөтөлбөрийн Чиглэл 1 буюу “Улаанбаатар хотын төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламж”-ийн төсөлд шалгарсан байгууллагуудын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг мэргэжлийн түвшинд, холбогдох стандарт, норм дүрмийн дагуу хийж гүйцэтгэх юм. Үүнд:

  1. Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт хийх газрын байршил талбайтай танилцах, үйл ажиллагааны чиглэл зориулалтын орон зайг төлөвлөх, зураг төсөл боловсруулж, Сангийн ажлын албаар батлуулах;
  2. Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг хийхэд шаардлагатай мод сөөгний тарьц, суулгацыг тухайн газрын онцлог, төлөвлөлтөд нийцүүлэн сонгох, нийлүүлэх, мод тарьж ургуулах ажлыг  цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн өндөр түвшинд, төсөлд оролцож буй сургууль цэцэрлэгүүдийн оролцоотойгоор хийж гүйцэтгэх;
  3. Ногоон байгууламж байгуулсан эхний жилийн арчилгааг бүрэн хариуцан, хоёр дахь жилээс улирал бүр ногоон байгууламжийн ургалт, арчилгааг гурван жилийн хугацаанд хянах, газар дээр очиж шалгах, шаардлагатай тохиолдолд нэмэлт арчилгаа хийх. Нийтдээ ногоон байгууламжийн арчилгааг 3 жилийн хугацаанд хариуцаж, хяналт тавих;
  4. Ногоон байгууламжийн ургалт, төслийн үр дүнгийн талаар мэдээлэл, зургуудыг Сангийн ажлын албанд улирал тутамд баталсан маягтын дагуу ирүүлэх;
  5. Төсөлд оролцож буй сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага, ажилтан, сурагчдад зориулсан мод тарьж ургуулах болон ногоон байгууламжийн арчилгаа хийхтэй холбоотой мэргэжлийн сургалтыг удирдан явуулах;
  6. Ногоон байгууламжийн арчилгааг хийх холбогдох ажилтнуудад мэргэжлийн зөвлөгөө, мэдээллийг 3 жилийн хугацаанд эргэх холбоотойгоор нээлттэй өгөх, асуултуудад түргэн шуурхай хариулах.

Ногоон байгууламжийн төлөвлөлт, мод тарих ажлыг гүйцэтгэхтэй холбоотой тавигдах шаардлага:

  • Төлөвлөлтийг хийхдээ Хот суурин газрын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн төлөвлөлтийн шаардлага (UCS 0801A:2020)-д нийцүүлэх;
  • Байгалийн ландшафтын онцлог ба экологийн систем түүний аюулгүй байдал, тэнцвэртэй байдлыг хадгалан хамгаалах, сэргээх, арчлах, шаардлагатай тохиолдолд хуучин байсан ургамал, мод сөөг зэргийг өөр байршилд шилжүүлэх ажлын стандартын дагуу хэрэгжүүлэх;
  • Мод, сөөг, ургамлын төрөл зүйлийн сонголтыг Мод, таримал ургамалын төрөл зүйлийн лавлах (UCS 0803A:2020)-ийг судлан, байршиж буй бүс нутгийн уур амьсгалын нөхцөл, цэцэрлэгжүүлэлтийн зориулалт, нар, салхины нөлөөлөл, агаарын бохирдолт, хөрсний нөхцөл, ургамлан нөмрөгийн байдалд тохируулж, тэдгээрийн өнгө, титмийн хэлбэрийг оновчтой сонгон төлөвлөх;
  • Газар доогуур болон дээгүүр явж буй шугам, сүлжээнд ямар нэгэн гэмтэл учруулахгүй байх арга хэмжээнүүдийг авах;
  • Мод тарьж ургуулах ажлыг эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартуудад нийцүүлэн хийж гүйцэтгэх;
  • Төсөлд оролцож буй сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага, ажилтнуудтай нягт хамтран ажиллах.

Холбогдох стандарт, норм дүрмүүд:

  • UCS 0801A – Хот суурин газрын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн төлөвлөлт
  • UCS 0802C – Мод таримал ургамлын төрөл зүйлийн лавлах
  • UCS 0803B – Ногоон байгууламжийн арчилгаанд тавих шаардлага
  • UCS 1101B – Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гадна орчны ерөнхий шаардлага
  • UCS 1102B – Ерөнхий боловсролын сургуулийн гадна орчинд тавих ерөнхий шаардлага
  • MNS 6139:2010 Шилмүүст төрлийн модны суулгац. Техникийн шаардлага.
  • MNS 6141:2010 Навчит төрлийн модны суулгац. Техникийн шаардлага.
  • MNS 6255:2011 Сөөгийн суулгац. Ерөнхий шаардлага.
  • MNS 6256:2011 Сөөгөнцрийн суулгац. Ерөнхий шаардлага.
  • MNS 6257:2011 Улиасны суулгац. Ерөнхий шаардлага.
  • MNS 6258-2:2011 Мод, сөөгийн суулгац арчлах. Техникийн шаардлага.
  • MNS 6259:2011 Ганц наст цэцэг тарих техникийн шаардлага.
  • MNS 6260:2011 Зүлэгжүүлэх талбай бэлтгэх, үр тарих, арчлах. Техникийн шаардлага.
  • MNS 6773:2019 Сөөгийн суулгацыг шилжүүлэн суулгах, арчлах. Техникийн шаардлага.

Байршил, хугацаа:

Сангаас баталсан санхүүжилтийн хүрээнд нийт 20 хүртэлх ЕБС, цэцэрлэгийн газарт ногоон байгууламж бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд уг сонгон шалгаруулалтын үр дүнд мод тарих, зүлэгжүүлэх, арчлах ажлыг гүйцэтгэх нийт 5 хүртэлх мэргэжлийн байгууллагыг тодруулна (1 мэргэжлийн байгууллага 4 хүртэлх төслийн ажлыг хийж гүйцэтгэнэ).

Мод тарих, зүлэгжүүлэх ажлыг 2023 оны 5-р сард Улаанбаатар хот дотор (эсвэл хот орчимд) зохион байгуулж, ногоон байгууламжийн арчилгаанд 2026 оны 5 сар хүртэл хяналт тавина.

Төсөв:

Нэг төсөлд Сангаас олгох санхүүжилтийн хэмжээ 30 сая төгрөг хүртэл байх бөгөөд шалгарсан мэргэжлийн байгууллага нь уг төсөвт нийцүүлэн ногоон байгууламжийн төлөвлөлт хийх, мод тарих, ургуулах, арчлах, сургалт хийх, зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг 3 жилийн хугацаанд гүйцэтгэнэ.

Шаардлагатай бичиг баримтууд:

Туршлагатай, сонирхсон мэргэжлийн байгууллагууд  доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг монгол хэл дээр бэлтгэн billiontreefund_team@toc.mn цахим шуудангаар 2023 оны 2-р сарын сарын 03-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:

  1. Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн (хуулбар)
  2. Тусгай зөвшөөрөл (хуулбар)
  3. Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа
  4. Сүүлийн 1 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)
  5. Компанийн танилцуулга:
  • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
  • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
  • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчний мэдээлэл
  1. Тухайн ажлыг хийж гүйцэтгэх компанийн болон хамтрагчийн (хэрэв байгаа бол) чадавхийн талаарх мэдээлэл:
  • Өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил, төстэй ажлын танилцуулга
  • Өмнө нь хийж гүйцэтгэсэн ногоон байгууламжийн төлөвлөгөө, 3D рендэр зураг
  • Өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлын өмнө/дараа харьцуулсан зураг
  1. Дараах зардлуудыг нарийвчлан тусгасан нэг төслийн жишиг үнийн санал (Сангаас нэг төсөлд 30 сая төгрөг хүртэлх санхүүжилтийг олгох боломжтойг анхаарна уу):
  • Зургийн гүйцэтгэлийн ажлын үнийн санал
  • Газар дээрх хэмжилт
  • Дендроплан – ногоон байгууламжийн ерөнхий төлөвлөгөө
  • Төсөв
  • Зургийн гүйцэтгэлийн хяналт
  • Ногоон байгууламжийн гүйцэтгэлийн ажлын үнийн санал
  • Модны тарьц, суулгац нийлүүлэх үнийн санал (модны нас, өндөр, гарал үүслийн тодорхойлолтыг тусгах)
  • Ногоон байгууламжийн арчилгаа хийх үнийн санал
  • Төсөл хэрэгжүүлэх сургууль, цэцэрлэгүүдэд сургалт хийх, мэргэжлийн зөвөлгөө өгөхтэй холбоотой үнийн санал
  1. Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  2. Бусад холбогдох материал

Шаардлагатай тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, банк, татварын газар, нийгмийн даатгал болон бусад холбогдох байгууллагаас байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэмэлт лавлагаа, тодорхойлолтыг Санд ирүүлнэ.

Ажил гүйцэтгэгч байгууллагад тавигдах шаардлага:

  1. Мэргэжлийн, эрх бүхий байгууллага байх;
  2. Мод үржүүлэг, нөхөн сэргээлт, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн арчилгаа, хамгааллын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх;
  3. Ижил төстэй ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн, туршлагатай байх;
  4. Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлд төрөлжсөн, техникийн өндөр ур чадвартай, туршлагатай боловсон хүчнээр хангагдсан байх;
  5. Ажил гүйцэтгэхэд шаардлагатай техник тоног төхөөрөмжийн баазтай байх;
  6. Шаардлагатай тарьц суулгац, зүлэг, үрийн нөөцтэй байх эсхүл ханган нийлүүлэх, хамтран ажиллах байгууллагын мэдээллийг тусгах;
  7. Ногоон байгууламжийн төлөвлөлт, ландшафт зураг гаргах чадавхтай байх эсхүл хамтран ажиллах байгууллагын мэдээллийг тусгах;
  8. Сангийн алсын хараа, зорилгод нийцүүлэн, Сангийн ажлын алба, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын удирдлага, ажилтнуудтай хамтран ажиллах чадвар, туршлага, хүсэл эрмэлзэлтэй байх, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх.

Анхаарах зүйлс:

  • Энэхүү урилгын дагуу сонгон шалгаруулалтанд оролцож байгаа байгууллагад ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш бөгөөд материал ирүүлсэн байгууллагын нөөц, чадвар, туршлага, ирүүлсэн үнийн санал, аливаа нэгэн эрхийн зөрчил байхгүй зэргийг үндэслэн ажил гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах юм.
  • Сан нь төсөл сонгон шалгаруулалтанд дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Бусад цахим мэдээллийн сан, вэб хуудсанд хадгалсан болон түүнийг татаж авах цахим холбоосыг хүлээж авахгүй.
  • Сан нь энэхүү сонгон шалгаруулалтанд материал бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.

Сонгон шалгаруулалтанд материалаа ирүүлэхдээ монгол хэл дээр бэлтгэн billiontreefund_team@toc.mn цахим шуудангаар 2023 оны 2-р сарын 03-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Сонгон шалгаруулалттай холбоотой нэмэлт мэдээллийг 8998-6002 дугаараар, billiontreefund_team@toc.mn цахим шуудангаар авах боломжтой.