Сангийн тухай
Дэлхийн дулаарал хоёр хэмд хүрвэл манай гараг дээрх хорхой шавьжны 18%, ургамал, зүлэгний 16%, сээр нуруутан амьтдын найман хувь устаж үгүй болох, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийн давтамж болон хүч нэмэгдэх эрсдэлтэй гэх тооцооллыг эрдэмтэд гаргасан байна. Энэ нь 2050 он гэхэд дэлхийн улсуудын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ)-ий 18 хувьтай тэнцэх хохирлыг учруулах эрсдэлтэй хэмээн урьдчилсан тооцоог гаргажээ. Харин Монгол орны хувьд сүүлийн 80 жилийн хугацаанд жилийн дундаж температур 2.2 градусаар нэмэгдсэн байна. Энэ нь дэлхийн дунджаас 2.5 дахин эрчимтэйгээр нэмэгдэж буй үзүүлэлт бөгөөд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эрсдэлтэй орон болох шалтгаан болж буй юм. Мөн манай орны нийт нутаг дэвсгэрийн 76.8% нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа бол нийт бэлчээрийн 57% нь доройтолд ороод байгаа тоо баримт бий.
Монгол Улсын Засгийн газар “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 6.2.4. “Ойжуулах, ойн тэлэн ургалтыг дэмжих, нөхөн сэргээх, ой хамгааллын арга хэмжээ авах замаар ойн хомсдолоос сэргийлэн, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нийт газар нутгийн 9 хувьд хүргэж, нүүрсхүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлнэ”, 6.2.8. “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ”; Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.2-т “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах үндэсний зорилтыг хэрэгжүүлэх” тухай зорилтуудыг тусган хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна.
Ган, хуурайшил, хэт халалтын улмаас ой, хээрийн түймрийн давтагдал нэмэгдэж, ойн болон бэлчээрийн элдэв хортон үе үе хэт олширч, тархалтын хүрээ нь өргөжиж байгаагаас гадна хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас Монгол орны ойн бүрхэвч жилд 0.46%-иар багасаж, ойн нөөц хомсдох, доройтох үйл явц эрчимжиж байна. Ойн суурь түвшний тайланд тусгагдсанаар 2005-2015 онд жилд дунджаар 140,000 га ойн түймэр, хөнөөлт шавьж, мод бэлтгэлд өртөн доройтож, нийт ойн талбайн хомсдол 5,300 га-д хүрчээ.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгах үйл ажиллагааг дэмжих, санхүүжүүлэхээс гадна, газар бэлчээрийг нөхөн сэргээх, ойжуулах, мод тарих ажлыг хэрэгжүүлэх нь нүүрсхүчлийн хийг шингээх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн үр дүнтэй шийдлүүдийн нэг юм.
Иймд Тэрбум Мод Сангаас олон нийт, албан байгууллагуудын санаачилгаар хэрэгжүүлэх жижиг хэмжээний ойжуулалт, мод тарих, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх нийгмийн шинж чанартай төслүүдэд хамтын санхүүжилт олгох замаар Парисын хэлэлцээрийн амлалтыг биелүүлэхэд Монгол Улсын Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр (ҮТХН)-ийн зорилт, ногоон, тогтвортой эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж байна.
Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааны чиглэл
Сангийн 2022 оны Төсөл сонгон шалгаруулах хөтөлбөрийн хүрээнд дараах чиглэлийн төслүүдэд санхүүжилт олгоно:
- Чиглэл 1 – Төрийн өмчит цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн ногоон байгууламжийн төсөл:
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гадна орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх; сургалтын зорилгоор жимсний мод, хүнсний ногоо тариалах; хүүхэд залуучуудын сурч боловсрох орчинг эрүүл болгох; багш, сурган хүмүүжүүлэгч, оюутан сурагч, эцэг эхчүүдийн дунд мод тарих, арчилж хамгаалах аргачлал, ач холбогдлын талаар мэдлэг ойлголт нэмэгдүүлэх; цаашид үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх боломжтой загварыг бий болгох төсөл хөтөлбөр багтана.
- Чиглэл 2 – Олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, мод тарих төсөл:
Ойн хомсдол доройтлыг бууруулах, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор түймэр, хөнөөлт шавж, хууль бус мод бэлтгэлийн улмаас доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулах, цэцэрлэгжүүлэх, мод тарихтай холбоотой төсөл хөтөлбөр багтана.
- Чиглэл 3 - Олон нийтэд тогтвортой хөгжил, экологийн боловсрол олгох төсөл:
Олон нийтэд байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэдэл өгөх, экологийн боловсрол олгох, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, байгаль орчинд эергээр нөлөөлөх талаар олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагыг өөрчлөх компанит ажил, контент, медиа, анимэйшн, боловсрол сургалтын хөтөлбөр гэх мэт экологийн боловсрол олгох төсөл хөтөлбөр багтана.
Төсөлд тавигдах ерөнхий шаардлага
Сангаас санхүүжилт олгох төслүүд нь дараах шаардлагыг хангасан байна:
- Төсөл нь дээрх гурван чиглэлийн аль нэгтэй нийцсэн байх;
- Төсөл хэрэгжүүлэгч нь энэхүү удирдамжийн 4-т заасан зорилтот бүлэгт хамаарч байх;
- Төсөл хэрэгжүүлэх газар, талбайтай холбоотой ямар нэгэн зөрчилгүй байх. Төсөл хэрэгжүүлэх газар, талбайтай холбоотой зохих зөвшөөрөл болон бусад холбогдох арга хэмжээг авч, баталгаажуулсан байх;
- Төсөл хэрэгжих талбай нь ойжуулалт хийх, мод тарих нөхцөл, орчин бүрдсэн байх (ус, цэвдэг, цэвэр усны нөөц, тусгай хамгаалалттай газар зэрэг экологийн өндөр ач холбогдолтой бүсүүдэд төсөл хэрэгжүүлэх бол шаардлагатай бүх зөвшөөрлүүдийг авсан байх);
- Хэрэгжүүлэх төслийн төлөвлөгөөний зурган мэдээлэл, ландшафтын зураг төслийг хавсаргах (Чиглэл 3-т хамаарахгүй)
- Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц болон бусад нөөцийг бүрдүүлсэн байх;
- Өмнө нь ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн гурваас дээш жилийн бодит туршлагатай байх (Чиглэл 1-т хамаарахгүй);
- Төсөл хэрэгжих хугацаанд хэмжиж болохуйц бодит үр дүн гаргах боломжтой байх;
- Төсөл хэрэгжүүлэх явцад Сангийн хяналт тайлагналт, мэдээллийн шаардлагуудыг мөрдөж ажиллах, бусад төсөл хэрэгжүүлэгчид, олон нийтэд төслийн талаар туршлага, мэдлэгийг хуваалцахад нээлттэй байх;
- Төсөл хэрэгжих гэрээт хугацаа дууссанаас хойш цаашдын арчилгаа, үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх боломж, нөөцтэй байх;
- Төслийг хэрэгжүүлэхэд хамтын санхүүжилт гаргах боломжтой бол давуу тал болно.
- Төслийн үр дүнд шинэ ажлын байр, эдийн засгийн үр өгөөж үүсэх бол давуу тал болно.
Сан зөвхөн дээрх шалгуурыг хангасан төслүүдийг үнэлгээний шатанд оруулах тул эдгээр шалгуурыг хангаж буй эсэхийг сайтар нягтална уу.
Төслийн хамрах хүрээ
Чиглэл тус бүрт өргөдөл гаргах боломжтой байгууллагуудыг доорх хүснэгтэнд дэлгэрэнгүй харуулав.
Жич: Хувь хүн, ашгийн төлөө болон худалдаа арилжааны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд хөтөлбөрт хамрагдах боломжгүй боловч доорх байгууллагуудтай хамтарсан төслийн санал ирүүлэх боломжтой.
Өргөдөл гаргагч нь тухайн байгууллагаас нэгээс дээш хөтөлбөрийн санал ирүүлж болно. Төслийг хоёр ба түүнээс дээш байгууллага хамтран боловсруулж, өргөдөл гаргах боломжтой.
Төслийн санхүүжилт
Сангийн санхүүжилтээр дараах төрлийн үйл ажиллагаа, зардлыг санхүүжүүлэхгүй:
- ТоС Холбооны санхүүжүүлэхийг хориглох үйл ажиллагааны жагсаалтад орсон үйл ажиллагаа (www.toc.mn);
- Үндсэн ажилтны цалин, урамшууллын зардал;
- Төслийн үйл ажиллагаанд хамааралгүй захиргаа, үйл ажиллагааны зардал;
- Цахилгаан, дулаан, усны төлбөр, байрны түрээс, харилцаа холбооны зардал;
- Барилга, байгууламж барих зардал;
- Төслийн үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй тоног төхөөрөмж, эд хөрөнгө худалдан авалт;
- Олон улсын аяллын зардал;Нам улс төрийн зорилготой аливаа үйл ажиллагааны зардал;
- Шашны шинж чанартай үйл ажиллагааны зардал.
Төслийн санхүүжилтийг шалгарсан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэлийн тайлан, санхүүгийн баримтад үндэслэн холбогдох хуваарийн дагуу олгоно.
Төсөл хэрэгжүүлэх хугацаа
- Төсөл хэрэгжиж эхлэх хугацаа: 2023 оны II улирал, Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр төслүүдийн нээлтийг хийнэ.
- Төсөл үргэлжлэх боломжит хугацаа: 36 сар хүртэл
- Төслийн дараа: Төсөл хэрэгжиж дууссанаас хойш хоёр жилийн хугацаанд арчилгаа, үйл ажиллагааны тогтвортой байдлын талаар явцын тайлан ирүүлнэ.
Төсөл сонгон шалгаруулах тухай
Өргөдөл бүрийг шалгаж, доорх шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ хийнэ. Шалгуур үзүүлэлтүүд нь өөр хоорондоо уялдаатай бөгөөд тухайн өргөдлийн чанарт үнэлэлт, дүгнэлт хийхэд тэдгээрийг бүхэлд нь авч үзнэ.
- Төслийн үр дүн, үр нөлөө, хамрах хүрээ: Төслөөс гарах үр дүн, нөлөөлөл, шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан боловсруулж, оновчтой тодорхойлсон байх;
- Төслийн бодит хэрэгжих боломж: Төслийн удирдлагыг үр дүнтэйгээр зохион байгуулж, нөөцийн хуваарилалтыг оновчтой төлөвлөсөн эсэх. Цаг хугацааны төлөвлөлт, төсвийн үндэслэл тооцоо, хэрэгжүүлэгчийн нөөц боломж, чадавх, туршлага нь хоорондоо уялдаатай мөн бодитой буюу хүлээгдэж буй үр дүнг гаргах боломжтой байх;
- Төсөл хэрэгжүүлэгчийн туршлага: Өмнө нь ижил төстэй төсөл хэрэгжүүлж байсан туршлага, сайн түүх, байгууллагын чадавхтай байх;
- Төсвийн үндэслэл, тооцоо: Төсөлд зарцуулагдах төсвийн тооцоолол бодит, зах зээлийн үнэд суурилсан байх ёстой ба үр ашигтай, хэмнэлттэй, үр дүнтэй байх зарчмыг баримтална. Өргөдлүүдийг үнэлэхдээ төсөв, нийт тарих модны тоо, нас, төрөл, талбайн хэмжээ, үр дүн зэргийг харгалзаж, харьцуулалт хийнэ. Санал болгож буй үйл ажиллагаа, хүлээгдэж буй үр дүнтэй холбоотой зардлууд нь бодит үндэслэлтэй, зөвшөөрөгдөх хэмжээнд болон хуваарилагдах боломжтой байх бөгөөд төлөвлөгөөт үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л зардлыг тусгасан байна. Зардлыг хуваалцах санал дэвшүүлсэн байгууллагууд давуу талтай болно;
- Төслийн тогтвортой үргэлжлэх, түгээн дэлгэрүүлэх боломж: Төсөл хэрэгжиж дууссаны дараа ч хөтөлбөрийн үйл ажиллагаа тогтвортой үргэлжлэн эерэг нөлөөлөл бий болж байх. Төслийн үр дүнд бий болсон ногоон байгууламж, ой мод, зэргийг цаашид тогтвортой арчлан хамгаалж авч явах боломжтой байх;
- Хяналт-шинжилгээ ба үнэлгээний төлөвлөгөө: Төслийн хэрэгжилтийн явцыг хянахад шаардлагатай шалгуур үзүүлэлтүүдийг бодитой тодорхойлж, хяналт-шинжилгээг хэрхэн оновчтой хийх талаар тусгасан байх;
- Хамтын ажиллагаа: Төслийн хүрээнд зорилтот бүлгүүдтэй хэрхэн уялдаж ажиллах, тэдгээрийн оролцоог хангах талаар тодорхой мэдээллийг тусгасан байх, зорилтот бүлгийг төслийн чиглэл тус бүрээр тодорхойлсон байх;
- Төслийн шинэлэг байдал: Төслийг хэрэгжүүлэх үед олон улсын сайн туршлага, инновацид суурилсан болон бусад дэвшилтэт техник, технологийг ашиглаж, улмаар шинэлэг, цаашид сайн жишиг болгон өргөжүүлэх боломжтой шийдлийг санал болгосон байх.
Өргөдлийг сонгон шалгаруулах үе шат
Сангийн үйл ажиллагаа, бусад хүчин зүйлсээс хамааран доорх төлөвлөгөөт хугацаанд өөрчлөлт гарах боломжтой.
Сонгон шалгаруулалтад тэнцээгүй төслүүдэд Сангийн зүгээс албан ёсны мэдэгдэл хүргүүлэх ба сонгон шалгаруулалтын үнэлгээ, нэгдсэн дүн болон бусад тайлбар мэдээлэл өгөх үүрэг хүлээхгүй. Тухайн жилд шалгараагүй өргөдөл гаргагч нь дараа жилийн хөтөлбөрт төслийн саналыг сайжруулан ирүүлэх боломжтой.
Төслийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа Сан нь дотоод засаглал, бодлого журмуудыг мөрдөж ажиллах бөгөөд төслийн сонгон шалгаруулалтад ямар нэгэн улс төрийн нөлөө болон ашиг сонирхлын зөрчилгүй байх зарчмыг баримтална. Сангийн бодлого, журам, хандивлагчид, Удирдах зөвлөл, хороодын бүрэлдэхүүнийг http://www.billiontree.mn вебсайтаас харах боломжтой.
Төслийн хэрэгжилт, хяналт, тайлан, мэдээлэл
Төслийн төлөвлөгөөний зурган мэдээлэл:
- Чиглэл 1-ийн хүрээнд хэрэгжих төслүүдийн ландшафт зураг, хэрэгжүүлэх төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хянуулж, шаардлагатай бол сайжруулалт хийнэ. Чиглэл 2-т хамаарах төслүүд өргөдөл илгээхдээ ажлын төлөвлөгөөний зурган мэдээллийг заавал ирүүлсэн байна.
Хяналт:
- Сангаас төслийн хөндлөнгийн хяналт шалгалтыг зурган төлөвлөгөөний дагуу улиралд тутамд хийж, төслийн явц, модны ургалтыг хэмжинэ.
- Төслийн хүрээнд тарьсан модыг QR кодоор бүртгэлжүүлж, Сангийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэнэ. Мөн улирал тутамд төслийн бүхий л үе шатанд зураг, видео баримтжуулалтыг хийнэ.
- Шаардлагатай тохиолдолд Geospatial Tracking хэрэгслүүдийг ашиглан төслийн явцыг хянана.
Тайлан:
- Төсөл хэрэгжүүлэгч нь төсөл хэрэгжих хугацаанд жилд хоёр удаа үйл ажиллагааны хэрэгжилтийг тусгайлан бэлтгэсэн маягтын дагуу тайлагнана.
Мэдээлэл, туршлага хуваалцах:
- Төсөлтэй холбоотой бүхий л гадагшаа чиглэсэн мэдээлэл, контент дээр Сангийн логог байршуулж, Сангийн маркетингийн гарын авлагын дагуу мэдээллийн ажлыг зохион байгуулна.
- Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн хэрэгжилтийн талаар мэдээ, мэдээллийг тайланд болон олон нийтэд таниулах зорилгоор хуваалцахад нээлттэй байна.
- Төсөл хэрэгжүүлэгч нь мэдээлэл солилцох цахим группт нэгдэн өөрсдийн туршлагыг хуваалцаж, Сангаас зохион байгуулах уулзалт, арга хэмжээнд идэвхтэй оролцоно.
Өргөдөл хүлээн авах тухай
- Өргөдөл гаргагч нь 2022 оны 11 дүгээр сарын 15-наас өмнө төслийн материал дээр зөвлөгөө авч болно. Зөвлөгөө авах байгууллагууд төслийн талаар 2 хуудас товч танилцуулгыг billiontreefund_team@toc.mn хаягаар ирүүлнэ үү.
Төслийн саналыг энэ цахим маягтын дагуу 2022 оны 12 дугаар сарын 30-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Хугацаа хожимдсон материалыг хүлээн авахгүй.
Холбоо барих хаяг, лавлах утас
Хэрэв танд төсөл сонгон шалгаруулах үйл явцтай холбоотой асуулт, тодруулга, зөвлөгөө авах шаардлага гарвал доорх хаягаар холбогдоно уу.
“ТЭРБУМ МОД САН”
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
1-р хороо, Парк Плейс 904 тоот
Утас: 8998-6002
Цахим шуудан: billiontreefund_team@toc.mn
Цахим хуудас: http://www.billiontree.mn