English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

Банкны салбарынхан бүх нийтээр мод тарихыг уриалж байна


Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жил, Ойн салбарын 100 жилийг тохиолдуулан Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк, арилжааны 12 банк, Монголын банкны холбоо, түүний харъяа байгууллагууд болох Тэрбум мод сан, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Монголын ногоон санхүүгийн корпораци, Банк санхүүгийн академи болон Монголын Ипотекийн Корпораци ОССК, Хадгаламжийн даатгалын корпораци зэрэг байгууллагуудын төлөөлөл Гачууртад байрлах Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн (International Garden of Mongolia)-нд нарс, шинэс, гацуур зэрэг төрлийн 1,000 гаруй ширхэг модны тарьц суулгалаа.

Арилжааны банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчинд ээлтэй, тогтвортой, ногоон хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулж, энэ чиглэлд манлайлан ажилладаг. Банкууд хамтран Тогтвортой санхүүжилтийн холбоог байгуулах санаачилгыг 10 жилийн өмнө гаргаж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэж, эрчим хүчинд хэмнэлттэй олон төсөл, хөтөлбөрүүдийг өнгөрсөн хугацаанд харилцагч байгууллагуудын хамт хэрэгжүүлсэн.

Хоёр жилийн өмнө банкууд нэгдэн мод тарих хөдөлгөөнийг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх, ойн салбарт санхүүжилтийн эх үүсвэр, тогтолцоог бий болгох зорилгоор Тэрбум мод санг байгуулсан. Тус сангийн үйл ажиллагааны хүрээнд ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийх, мод тарих ажилд олон нийтийн оролцоог хангах, бүх нийтийн экологийн боловсролд хувь нэмэр оруулах гэсэн гурван чиглэлд 2023 оны байдлаар нийт 197 төслөөс 34 төслийг нээлттэй сонгон шалгаруулж, 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод буй.

Цаашид банкны салбарын хэмжээнд 2030 он хүртэл 50 сая мод тарих зорилтын хүрээнд Тэрбум мод сан нь “Зөв газарт зөв мод зөв тарих” уриатайгаар дотоодын болон гадны ойн салбарын мэргэжилтнүүдтэй түншлэн, хамтран ажиллаж байна. Энэ жил банкны салбарын хэмжээнд Тэрбум мод сангаас зохион байгуулан 1,5 сая мод тарих бөгөөд банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод банкны гудамж, банкны төгөл мөн 21 аймагт банкны төгөл байгуулна.

Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдэл, түүний эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд эрсдэл учруулж буй. Монгол Улсын хувьд, жилийн дундаж агаарын хэм сүүлийн 80 жилд цельсийн 2.2 градусаар дулаарсан нь дэлхийн дунджаас хоёр дахин илүү байгаа юм. Мөн нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа бол нийт бэлчээрийн 57 хувь нь доройтолд орсон болохыг судлаач, мэргэжилтнүүд анхааруулах болсон.

Тиймээс ч тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа урагшилж, хавар, намрын мод тарих өдрүүдэд бүх нийтээрээ мод тарихыг та бүхэнд уриалж байна. 


uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture

Сэтгэгдэл