“Намрын мод тарих өдөр” арга хэмжээг Банкны салбарынхан хамтдаа уламжлал ёсоор 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жил, Ойн салбарын 100 жилийн ойг тус тус тохиолдуулан Монголбанк, Монголын банкны холбоо, Монгол Улсын Хөгжлийн банк, ХААН банк, Голомт банк, Төрийн банк, Хас банк, Капитрон банк, Ариг банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банк, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, М банк, Нэгди процессор ХХК, Тэрбум мод сан зэрэг байгууллагуудын төлөөлөл Гачууртад байрлах Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн (International Garden of Mongolia)-нд энэ хаврын мод тарилтаар нарс, шинэс, гацуур зэрэг 1,000 гаруй төрлийн мод тарьсан бол намрын тарилтаар нийт 6,000 ширхэг навчит болон шилмүүст мод тарьсанаас гадна өнөөдөр 1,000 гаран шилмүүст мод нэмж тарьж, хавар тарьсан моддоо арчлан усаллаа.
Хоёр жилийн өмнө банкууд нэгдэн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулах, “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, байгаль орчинд ээлтэй үйлсэд хамтдаа сэтгэл зүрхээ шингээн мод тарих хөдөлгөөнийг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх, ойн салбарт санхүүжилтийн эх үүсвэр, тогтолцоог бий болгох зорилгоор Тэрбум мод санг Монголбанкны бодлогын дэмжлэгтэйгээр байгуулсан.
Тус сан нь ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийх, мод тарихад олон нийтийн оролцоог хангах, бүх нийтийн экологийн боловсролд хувь нэмэр оруулах зэрэг үйл ажиллагааны хүрээнд энэхүү 2 жилийн хугацаанд буюу 2023 онд нийт 34 төсөл, 2024 онд нийт 47 төсөлд буцалтгүй санхүүжилтийг олгосон бөгөөд төслийн үр дүнд өнөөдрийн байдлаар нийтдээ 3.0 сая гаруй мод тарьсан амжилтын үзүүлэлттэй ажиллаж байна. Түүнчлэн, банкны салбарын 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Цэцэг төвийн уулзвараас Монголбанкны уулзвар хүртэлх гудамжинд ногоон тохижилтын ажил хийсэн бөгөөд 21 аймаг орон нутаг дахь Монголбанкны салбаруудтай хамтран банкны нэрэмжит ногоон төгөлийг байгуулаад байна.
Тэрбум мод сан нь төр захиргааны институцүүд, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон олон улсын байгууллагууд, ойн салбарын тэргүүлэх зэргийн эрдэмтэд, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж сангийн үйл ажиллагааг байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулахад анхаарч ажиллаж байна.
Дашрамд дурдахад, Тэрбум мод сангийн зүгээс 2025 оныхоо төслийн сонгон шалгаруулалтаа нээлттэйгээр олон нийтэд зарласан байгааг дуулгахад таатай байна.
Сэтгэгдэл