Мэдээ
Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн БНСУ-д зохион байгуулсан ойн салбарын чадавхжуулах сургалтад Тэрбум мод сангийн ажлын албаныхан оролцлоо. Солонгост цаг уурын өөрчлөлтийн улмаас зуны улиралд халах өдрийн тоо эрс нэмэгдэж байгаа. Мөн Солонгосчуудын ахуйн уламжлалт онцлог буюу аялалд явж зугаалж, салхинд гарсан л бол мах шарж иддэг заншилтай тул хүний хүчин зүйлсээс шалтгаалсан ой хээрийн түймэр гарах давтамж сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Тухайлбал, Канвон мужийн Мансанг уул 2023 онд шатжээ. Энэ шатсан уул нь хувь хүний эзэмшлийн талбай байсан бөгөөд ойн нөхөн сэргээлт, тарилтыг хийхдээ анхны унаган төрхийг хадгалах бодлого баримталжээ. Ингээд орон нутгийн засаг захиргаа хохирлын үнэлгээ хийж, нөхөн сэргээлт хийхэд шаардагдах нийт зардлын 70 хувийг Засгийн газар харин үлдсэн 30 хувийн санхүүжилтийг газрын эзэн гаргасан. Гэхдээ Засгийн газраас ойг өөр зориулалтаар ашиглахгүй байх гэсэн болзолт нөхцөл тавьсан бол харин газрын эзэн ойн зах зээл дээр эрэлт их, борлуулалт сайн байдаг нарс модны суулгацаар нөхөн сэргээлтээ хийлгэх санал тавьжээ.
Зурагнаас та бүхэн хоёр жилийн өмнө шатсан ой хэрхэн сэргэж, өмнөх унаган төрхөндөө орж байгааг харж болно. Ойн нөхөн сэргээлтийг хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд эсвэл улсын ойн газар гүйцэтгэдэг. Ихэвчлэн хүлэмжинд үрээр тарьсан бортоготой хоёр настай суулгацаар тариалалтаа хийжээ. Жилд дунджаар 15 см ургадаг байна. Хортон шавж, усалгаа, арчилгааг гэрээт компаниуд хариуцаж, гэрээний хугацаа дуусахад хотынхоо ойн санд хүлээлгэн өгдөг. Солонгост ойн салбарын санхүүжилтийг Засгийн газар нь хариуцдаг тул мод тарих ажил захилгат тариалалт руу бүрэн шилжжээ. Мөн уулаа ойжуулах нь хөрсний гулгалт, биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтойгоос гадна улсын эдийн засгийн нэг чухал салбар болон хөгжжээ.
БНСУ-ЫН МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗРУУД ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛЭЭР ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛЛАХ НӨХЦЛӨӨ БҮРДҮҮЛЖЭЭ
Солонгосын Самчог мод үржүүлгийн газар жилийн дөрвөн улирал тасралтгүй ажилладаг. Хүлэмжинд үрээр модоо үржүүлдэг. Гүний худгаар услалтаа шийдэж, хүлэмж нь бүгд дуслын системээр суулгацаа усалдаг. Яг энэ аргаар ургамал хамгааллын бордоо, хортон шавжнаас хамгаалах шингэнээ хуваарийн дагуу цацдаг. Үйлдвэрлэлээс гаргах суулгацаа заавал бортоготой, тусгай хамгаалалттай зориулалтын хайрцганд хийж, стандартын тээвэрлэлт хийдэг. Бүх суулгацаа хоёр настай болтол хүлэмжинд ургуулдаг, ургах чадвар нь 100 хувь гэж Самчог мод үржүүлгийн газрын дарга танилцуулж байлаа.

Ихэнх үйлдвэрлэл нь хүнээс хамааралтай байдлыг бууруулж, удирдлагын төвөөс өдрийн хэдэн цагт услах, хүлэмжийн дээврээ онгойлгож наранд суулгацаа гаргах, бага зэрэг хүйтнийг тэсвэрлэх чадвар суулгах гээд суулгацныхаа амьдрах чадварыг дээшлүүлэх бүхий л аргыг энд технологиор шийдвэрлэж өгчээ. Солонгост эргээд борлуулахад зах зээл нь нээлттэй гэдэг үүднээс нарсны суулгац борлуулалт өндөртэй байдаг аж. Нарсны хоёр настай суулгац Монгол төгрөгөөр тав орчим мянган төгрөг бол сүүлийн жилүүдэд Солонгост “үнэтэй мод”-ны суулгац ч эрэлт ихтэй болжээ. Тухайлбал, гоёл чимэглэл, хувийн байр сууц, эсвэл шинээр баригдаж байгаа зочид буудал, үйлчилгээний газрууд нэг нь 20 сая вонын үнэтэй япон гацуур, шинэс модны суулгацын эрэлт өсчээ. Солонгост хувийн мод үржүүлгийн газруудаас төрийн байгууллагууд нь суулгац захиалах байдлаар худалдан авалт их хийж, санхүүгийн хувьд бэхжүүлдэг гэж танилцуулж байлаа.
СОЛОНГОСЫН ОЙ ХАМГААЛАХ ТӨВ НЬ УУЛЫН ОЙЖУУЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛАА ДАВХАР ХАРИУЦАЖ АЖИЛЛАДАГ
Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн багийнхан, Тэрбум мод сангийн ажилтнууд мөн ой салбарын мэргэжилтнүүд хамтран БНСУ-ын Ёндок уулын ойн хамгаалалтын төвийн ажилтай танилцлаа.
Солонгос орны нийт нутаг дэвсгэрийн 65 хувийг ой эзэлдэг. Газар зүйн байршлаараа уулархаг бүс нутагт оршдог, зуны улиралд цаг агаар хэт халах болсон тул ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд гарах зардал нь уулын ойн нөхөн сэргээлт хийх мөнгөтэй дүйдэг. Биднийг Ёндок уулын ойн хамгаалалтын төвд очиход өндөрлөг цэгүүдэд байрлуулсан хяналтын камераар ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй цэгүүдээ байнга хянахын зэрэгцээ шинээр хийсэн уулын ойжуулалтаа ч хамтад нь хянадаг аж. Эднийх гал сөнөөгч, ойн инженерүүд, байгаль хамгаалагч гээд нэг асуудлыг тал бүрээс нь шийдэхэд чухал үүрэгтэй мэргэжилтнүүд нэг баг болон ажиллаж, харилцан бие биенээ нөхөж ажиллах туршлагатай гэж танилцуулж байлаа. Солонгост тарьсан суулгацаа бусад модноос ялгаж арчлахын тулд өндрийн өсөлтөө автал заавал тусгай тэмдэглэгээ хийдэг дүрэмтэй. Ийм тэмдэглэгээтэй модны эргэн тойрны хөл ургамлыг нь тусгай зориулалтын хадуураар цэвэрлэж, тухайн суулгацанд хэрэгтэй шим тэжээлээ хөрснөөс авах нөхцлийг бүрдүүлж өгч байгаа нь нэг хүнд ногдох ажлын ачаалал хэт их биш, тарьсан мод бүртэйгээ “тулж ажиллах” нөхцлийг олгодог бололтой. Харуулын ажилтнууд хуваарийн дагуу ойгоо эргэж хэмжилт хийхээс гадна, ургалтын хувийг дээшлүүлэх шаардлагатай алхамуудыг төлөвлөгөөний дагуу хийдэг тул тарьсан бүх суулгац ургадаг гэж Ёндок уулын ой хамгаалах төвийн захирал ярилаа. Энэ уул эгц өндөр тул тусгай зориулалтын машин техниктэй, мөн зөөврийн хяналтын компьютерээ машиндаа суурилуулсан.
Солонгост интернэт сүлжээгүй газар гэж байхгүй. Шаардлагатай бол нисэх онгоц ашигладаг. Улсын төсвөөс санхүүжилт нь гардаг тул ажиллах хүн хүч, цалин хөлсөн дээр санаа зоволтгүй үндсэн ажлаа л хийцгээдэг.Солонгост нэг уулын ой хамгааллын асуудлыг их олон газар харьяалж, хүч тарамдалгүй хамтарч баг болж шийддэг нь оновчтой зохион байгуулалт байна гэж анзаарагдсан. Мэдээж ой хамгаалах төв дээр орон нутгийн засаг захиргаа, оршин суугчдын хоршоо, бүлгэм дэмжлэг үзүүлж ажилладаг. Шатсан ойг нөхөн сэргээх нь хамгийн багадаа 15-40 жилийн ажил тул аль болох шатаахгүй, доройтолд оруулахгүй байх урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээн дээр хүн хүч, хөрөнгө мөнгө гаргаж ажиллаж байна
ЁНГЕЛЬМАН УУЛЫН ОЙЖУУЛАЛТ СОЛОНГОСЫН АРД ТҮМНИЙ ЭВ НЭГДЛИЙН БИЛЭГ ТЭМДЭГ
Солонгосын Ёнгальман уулын ойжуулалтыг энэ улсын хөгжлийн түүх гэж товчхонд нь тодорхойлж болно. Дэлхийн хоёрдугаар дайн дуусахад Зүүн Азийн уулархаг мужид байрлах энэ улс модгүй, улаанаараа эргэсэн халцгай уултай л үлджээ. Тухайн үед түлшний хомсдол энэ улсын уулыг юу ч үгүй тайрч далайн нөгөө эрэг рүү тээвэрлэхэд хүргэсэн хэмээн Ёнгальман уулын хамгаалалтын төвийн мэргэжилтнүүд тайлбарлаж байлаа.
Дайны дараа БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Жон Хи энэ уулан дээгүүр онгоцоор нисч явахдаа, ...Дайны хөлд нэрвэгдсэн энэ олон хүний сэтгэл санааг өргөж, амьдрах урам зориг өгөхийн тулд энэ уулыг заавал ойжуулах ёстой. Бидний энэ хамтын хичээл зүтгэл олон хүнд амьдрах урам зориг өгч, Солонгосчууд нэгдэж чаддаг ард түмэн гэдгийг баталж өгнө хэмээн амалсан...гэж түүхээс нь танилцуулсан. Үнэхээр л тэд энэ уулын ойжуулалтыг 1950-иад оны үед техник гэх зүйлгүй улаан гараараа хийж, уулаа үечлэн моджуулснаар хөрсний гулгалтаас энэ тосгоны ард иргэдийг хамгаалж, экологийн байдлыг нь нөхөн сэргээж эхэлжээ. Уулын ойжуулалтаа хийхэд улс эх орных нь эдийн засаг хүнд үе байсан тул иргэд нь хандив өгч, оргүй хоосноос өнөөдрийн Дэлхийн өвийг бүтээжээ.
Гэвч маш олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн ой 1973 онд шатаж дахин төлөвлөлт хийсэн нь өнөөдрийн Дэлхийн өвд бүртгүүлсэн энэ хийцлэл гэнэ. Ёнгальман уулын ойжуулалт нь Өмнөд Солонгосын төдийгүй дэлхийд шинэ жишиг тогтоосон ойжуулалт. Энд хөв цөөрөм, үерээс хамгаалах далан суваг шуудуу, хөрсний гулгалтаас хамгаалах эргийн хамгаалалт, далайтай ойр тул хөрсний хүчиллэг байдлыг нь бууруулах ухаалаг шийдэл, бороо хургүй жил бүх талбайгаа услахуйц ухаалаг тохиргоотой систем гээд мод ургамал ургах таатай бүх нөхцлийг бүрдүүлжээ.Ёнгальман уулын хүний гараар цогцлуулсан энэ бүтээн байгуулалт үзэхийг хүссэн бүх хүнд нээлттэй, Солонгосчуудын чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх ногоон орчин гэдгээрээ алдартай. Харин энэ төвийн хэвийн ажиллах бүх санхүүжилтийг улс нь хариуцдаг. Өнөөдөр олон улсын туршлага судлах, мэдлэг хуваалцах төгөл болтол нь хөгжүүлж чадсан туршлагаараа тэд бахархаж байлаа. Уулаа хэрхэн ойжуулсан техникийн музей, орчны таатай байдал, ойжуулалтыг аялал жуулчлалын нэг брэнд бүтээгдэхүүн болгох боломжтойг Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн зохион байгуулсан сургалтад оролцсон хүмүүст шинэ санаа болон үлдлээ.
БНСУ-Д МОД ҮРЖҮҮЛЭГ ЗАХИАЛГАТАЙ ЗАХ ЗЭЭЛ РҮҮ ШИЛЖЖЭЭ
Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” сургалтанд хамрагдсан манай улсын ойн мэргэжилтнүүд өмнө нь хувийн мод үржүүлгийн газартай танилцсан бол энэ удаад төрийн өмчийн аж ахуйн нэгж хэрхэн ажиллаж байгаа туршлагаас судаллаа.
Солонгост эдийн засгийн хөгжил, технологийн дэвшлээ дагаад мод үржүүлгийн газрууд ухаалаг хүлэмж ашиглах нь хэвийн үзэгдэл болжээ. Тухайлбал, Чунбукийн Үмсон мод үржүүлгийн газар ухаалаг хүлэмж суурилуулснаар эдийн засгийн хувьд гарааны зардал өндөр ч, явц дунд ашигтай ажиллах боломжтой гэж харж байна. Өмнө нь нэг хүлэмжинд 20 гаруй хүн ажилладаг байсан бол одоо 6 болж хүн хүчээ цомхотгожээ. Бас ажлын бүтээмж нэмэгдэж, өвлөөс бусад бүх улиралд үйлдвэрлэл тасралтгүй, тогтвортой явах нөхцлийг бүрдүүлсэн байна.
Нэг ийм хүлэмж ойролцоогоор 100 сая вон гэж бодохлоор манай ханшаар 300 орчим сая төгрөг болж байна. Хүлэмжиндээ суулгацаа 2 нас хүртэл нь ургуулаад заавал бортоготой тарилт хийдэг. Гэхдээ алдагдал хүлээхээс сэргийлж, захиалга дээр үндэслэсэн үрсэлгээ хийдэг гэж байлаа. Үмсон мод үржүүлгийн газрын удирдлагын бидэнд танилцуулснаар уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан модны ургалтын хувь жилээс жилд буурч байна. Ойн салбарынхан уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлыг бууруулахад хамгийн их хувь нэмэр оруулж байгаа ч нөгөө талдаа алдагдал хүлээх хувь, хэмжээ өсөх хандлагатай байна. Иймд, төр өөрөө алдагдлыг хүлээж, ойн салбарыг бодлогоор дэмжих ёстой гэдэг асуудлыг тэд ч хөндөж байлаа.
Сэтгэгдэл