English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

ТЭРБУМ МОД САНГИЙН САНААЧИЛГААР “ТОГТВОРТОЙ ӨСӨЛТ ХАМТЫН ТҮНШЛЭЛ” ҮР ДҮНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Ойн салбарт ажиллаж байгаа ААН, ТББ, нөхөрлөл, хоршоодод эрхэлж байгаа бизнесийнх нь онцлогт тохирсон зээлийн эрэлт өндөр байна. Харин нөгөө талдаа Банкны салбарт найдвартай, харилцагч үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэгдүүлж, хамрах хүрээгээ тэлэх хэрэгцээ шаардлага их байгаа. Энэ эрэлт хэрэгцээг холбож өгөх, салбарын онцлогт тохирсон зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргах ямар боломж байгаа вэ гэдгийг ярилцсан “нүүр тулсан уулзалт” өнөөдөр Төрийн банкны уулзалтын танхимд боллоо.  

uploaded picture

uploaded pictureТэрбум мод сангийн зүгээс ойн салбарын бизнесийн онцлогийг илүү судалсан зээлийн мэргэжилтэн, эдийн засагчтай нэг салбарыг Төрийн банк санал болгоод Ойн салбарынхан тэр салбарт хандаж байвал цаг хугацаа хэмнэж, нэгдсэн мэдээлэл түгээхэд дөхөмтэй байна гэсэн санал тавилаа. Дэлхий нийтээрээ ногоон хөгжил, ногоон санхүүжилтийг дэмжих болсон өнөө цагт ойн салбарыг зөвхөн мод тарьдаг гэдэг явцуу  хүрээнд ойлгодог цаг үе хэдийнэ ард хоцорсон. Ихэнх хөгжингүй орнууд захиалгат тарилт руу орчихоод байгаа өнөөгийн цаг үед сул чөлөөтэй байгаа бизнесийн энэ орон зай руу банкны салбарынхан, тухайлбал Төрийн банкыг хүч түрэн орохыг уриалж байна хэмээн Тэрбум мод сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцолж байлаа.  

uploaded picture

uploaded picture

Энэ тогтвортой өсөлт хамтын ажиллагааг зөвхөн зээл гэдгээр харалгүй, бүх үйлдвэрлэл нь гадна явагддаг онцлогтой ойн салбарт бас даатгал чухал гэдгийг онцолж, “Монре даатгал” ХХК-ийн удирдлагыг урьж оролцуулан сан, банк, ойн салбар, даатгал гэсэн дөрвөн талын хосолсон төгс зохицол бүрдэж болохыг ч энэ удаагийн уулзалтаар ярилцсан юм.  

Ойн салбар нь уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, даван туулахад чухал ач холбогдолтойгоос гадна эрүүл мэнд, аялал жуулчлал, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, барилга байгууламжийн бүтээн байгуулалт гээд бүх салбартай тун амжилттай хоршин ажиллаж, бизнесийн амжилттай загварыг үзүүлэх болсон.  

uploaded picture

uploaded pictureТухайлбал, БНХАУ гэхэд л ойн салбараа бодлогоор дэмжсэний үр дүнд эрүүл мэнд, гоо сайхны өндөр үнэтэй, чанартай бүтээгдэхүүнийг гаргах авах түүхий эдээ энэ салбар нь бэлтгэн нийлүүлж, хамтдаа хөгжиж, хөрөнгөжиж байна. БНСУ ойн салбарын хөгжлөө аялал жуулчлалтай чадварлагаар хослуулсны үр дүнд  цэцэрлэгт  хүрээлэн, ойн бүтээн байгуулалтаа мөнгө олох эдийн засгийн өндөр ач холбогдолтой үйлчилгээ болгон хөгжүүлж чаджээ.  

 Иймд, манай банкны салбарынхан ойн салбарыг эдийн засгийн чухал ач холбогдолтой салбар  гэж харах цаг болсон гэдгийг ойн салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөл хүсч байлаа. Харин  Төрийн банкныхан зээлийн шилдэг мэргэжилтнүүдээ хэлэлцүүлэгт оролцуулан,  Ногоон зээлийн бүтээгдэхүүнүүдээ танилцуулахын зэрэгцээ ойн салбарт өмнө нь газар эзэмших ашиглах гэрчилгээ гээд элдэв бичиг баримт шаарддаг байсан бол одоо  зээл төлөх орлого нь тодорхой байхаас гадна банкны зээлийн эдийн засагчид өөрт нь тохирсон ямар бүтээгдэхүүн байгааг тодруулаад шаардлагатай үйлчилгээгээ авахад уян хатан болсон гэж танилцуулаад Төрийн банкны шилдэг эдийн засагчдаар зээлээ судлуулахыг урилаа.  

uploaded picture

uploaded pictureИнгээд Ойн салбарынхан Банкны зээлийн эдийн засагчдыг оролцуулсан үйлдвэрлэлийн аялал зохион байгуулж, бидний ажлын онцлог, түүнд тохирсон шинэ бүтээгдэхүүн гаргах хүсэлт тавилаа. Мөн карбон кредит хүчтэй яригдах болсон тул үүн дээр банкны салбарынхан орж ирвэл хөрөнгө оруулалт босгох шинэ боломж бий  гэдгийг хэлж байлаа.  

uploaded picture

uploaded pictureМанай улсын нутаг дэвсгэрийн 8 хувь буюу 19 сая га газар нь ой бөгөөд Тэрбум мод үндэсний хөдөлгөөний үр дүнд энэ хувь хэмжээг 9 хувь болгох зорилт тавиад байна.  Энэ салбарт ажиллаж байгаа 1000 гаруй  аж ахуйн нэгж, нөхөрлөл, ойн анги, сумын болон сум дундын ойн анги, ТББ-ынханд уян хатан нөхцөлтэй хүү багатай, хугацаа урттай зээл хэрэгтэй байгаа бол Банкны салбарынханд ногоон зээлийн багцаа өсгөх, харилцагчийнхаа хүсэлтийг ойлгох хэрэгцээ  байгааг онцоллоо. Иймд хоёр талын энэ эрэлт хэрэгцээг нэг цэгт уясан зээл, даатгалын бүтээгдэхүүнийг хэрхэн гаргах вэ гэдэг талаар Тэрбум мод сангийн санаачилгаар анх удаа, үр дүнтэй нетворк уулзалтыг зохион байгууллаа. Ийм уулзалтыг зохион байгуулсанд Ойн салбарынхан тун талархалтай хүлээж авлаа. Ойн салбарын онцлогт тохирсон банк, даатгалын шинэ бүтээгдэхүүн гаргах ажлын уулзалт шинэ онд ч  үргэлжилнэ. Үүний тулд ойн салбарынхан яаж ажилладгийг танилцуулах ажлын аялал зохион байгуулахаар талууд тохирлоо.

Сэтгэгдэл