Мэдээ
Монголын банкны холбооны XX чуулганы үеэр Тэрбум мод сангаас 2025 оны ажлын ажлын тайлангаа танилцуулж, санаачлагч, дэмжигч, хамтран ажиллагч банкууддаа талархал илэрхийллээ. Тэрбум мод сангийн 2025 оны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэгч, шилдэг дэмжигч банкаар ТӨРИЙН БАНК шалгарлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын индэр дээрээс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын сөрөг нөлөөллийг бууруулах замаар байгаль, экологийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор тэрбум мод тарих амлалт авсан. Энэ амлалтыг олон улсын өмнө нэр төртэй биелүүлж, эх дэлхийгээ унаган төрхөөр нь хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд Банкны салбарынхан хамтдаа 50 сая модыг тарьж, ургуулах зорилт тавьж, Монголбанкны бодлогын дэмжлэг, арилжааны банкнуудын санаачлаагаар 2022 онд Тэрбум мод санг байгуулсан. Тэрбум мод сан нь өнөөдрийн байдлаар Монгол орны хангай, говь, тал хээр гээд бүх л бүсэд нийтдээ 1,435 га-д 3,451,342 сая ширхэг мод тарьж, ургалт нь 90-ээс дээш хувьтай байна. Мөн 300,000м2 талбайг зүлэгжүүлж, 805 мянган хүнд экологийн боловсрол олгоход хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Тухайлбал, Чиглэл -Нэгийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гаднах талбайд мод тарьж зүлэгжүүлэх төслийн хүрээнд 11 сургууль, 22 цэцэрлэг, 3 эмнэлгийн 14 га талбайд 31 мянган ширхэг мод тарьж, 28 мянган хүүхдийг НОГООН ОРЧИН-той сургууль, цэцэрлэгт сурч, хүмүүжих орчноор хангахад хувь нэмрээ оруулжээ. Энэ төсөл ирэх жилүүдэд ч үргэлжилнэ. Харин Олон нийтийн оролцоотой мод тарих, ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн Чиглэл 2 төслийн хүрээнд 10 төсөл хэрэгжүүлж, 52 га газарт 222 мянган мод тарьсан. Мөн Монгол орны ойн сангийн зонхилох хувь нь ногддог Сэлэнгэ аймгийн доройтсон ойг нөхөн сэргээх зорилгоор 1,210 га талбайд 3,1 сая ширхэг модыг тухайн орон нутгийн удирдлагатай хамтран ойн мэргэжлийн ААН-үүдээр гүйцэтгүүлэн эргэх холбоотой, өнөөдөр ч хяналт тавин ажиллаж байна.

Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хот болон 21 аймагт Банкны төгөл байгуулах төслийг санхүүжүүлэн ажилласны үр дүнд 30 га талбайд 57 мянган ширхэг модыг тарьж, аймаг бүрийн банкны төгөл өөр өөрийн гэсэн онцлогтой орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, жишиг төгөл болох зорилт тавин ажиллаж ирлээ. Үүнээс гадна, Хархорум хотын Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд 3 метрээс дээш өндөртэй 3700 ширхэг шилмүүст мод тарьж, ХААН банк болон АПУ ХХК-тай менежментийн гэрээ байгуулан доройтсон ойг нөхөн сэргээх зорилгоор Төв аймгийн Батсүмбэр сумын Бууралын голд, мөн Горхи Тэрэлжийн байгалийн тусгай хамгаалалттай газарт тус тус мод тарих ажлыг мэргэжлийн компаниар гүйцэтгүүлж, тогтмол хяналт тавин ажиллаж байна. Энэ бүх ажлын үр дүнд Монгол орны ойн сангийн эзлэх хэмжээг 9 хувьд хүргэх зорилтыг дэмжиж ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл