English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

ОЙЖУУЛАЛТЫГ ОЙЛГОХУЙ ДОР…

Манай сангаас “Бумхүүгийн сонин сайхан” цахим сэтгүүлийг уншигчид та бүхнийхээ гар дээр удахгүй хүргэх гэж байна. “Бумхүүгийн сонин сайхан” цахим сэтгүүл нь улиралд нэг дугаар гарч, дугаар бүртээ “ЭРДЭМТДИЙН БУЛАН”-г тогтмол эрхлэн хүргэхээр зорьж байна. Анхныхаа дугаарт Ойн аж ахуйн инженер, доктор Я.Ариунзулын “ОЙЖУУЛАЛТЫГ ОЙЛГОХУЙ ДОР” нийтлэлийг хүргэх байна. “Бумхүүгийн сонин сайхан” цахим сэтгүүлдээ ойн салбарын эрдэмтэн мэргэд та бүхний оюуны охь бүтээл , шинэ нээлт, эрдэм шинжилгээ судалгааны өгүүллийг олон нийтийн хүртээл болгоход үргэлж нээлттэй, хамтран ажиллахдаа баяртай байх болно. Энэ удаад “ОЙЖУУЛАЛТЫГ ОЙЛГОХУЙ ДОР…” шинжлэх ухааны өгүүллийг та бүхэн манай сайтаас бүрэн эхээр нь хүлээн авч уншина уу.

uploaded picture

  • Янгивын Ариунзул 

  • Ойн аж ахуйн инженер, Эрх зүйч, Газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлаач, Доктор


    Ойжуулалт гэж юу вэ? 

    Ойжуулалт, мод тарилт хоёр ялгаатай юу, ижил үү?

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн ойжуулалт уу, мод тарилт уу?

    Говьд мод тарьж болохгүй гүний усыг нь ууршуулчихна? гэх мэт олон асуултанд хариулахад бид экосистем гээчийг ойлгох шаардлагатай. 

    Байгаль дэлхийд системгүй нэг ч зүйл байдаггүй юм. Бүх юм, бүх зүйл системтэй. Мод, ургамал, хөрс шороо, хүн амьтан гээд. Бидний эргэн тойрон байгаа байгаль эхийн бүтээл болгон системийн хөдөлмөрийн үр дүн. Элсний ширхэг ч тухайн системийн үр дүнд үүсэж, үргэлж өөрчлөгдөн хувьсаж байдаг. Байгаль өөрөө энгийнээс нийлмэл рүү шатлан хөгжиж байдаг амьд систем юм. 

    Генийн, генетикийн систем эсийг үүсгэж, эсийн систем эд эрхтэнийг буй болгож, эд, эрхтэний систем бодгалийг, бие организмыг буй болгодог. 

    Нэг зүйлийн бие организмын, бодгалийн систем популяцийг үүсгэнэ. Тиймээс ч бид хоёр хөлтэй, хохимой толгойтой Homo sapiens юм шүүдээ. Эвэр, сүүлтэй хүн байдаггүй нь бид системтэйгээр үүссэн хөхтөн амьтны нэгэн төрөл учраас нийтлэг хэв шинж, хэлбэр дүрстэй байна. Популяцуудын систем жишээ нь нарсан ойн популяц, халиун бугын популяц, хаг, мөөгний популяц гэх мэт популяцийн систем өөрөө бүлгэмдэл, бүлгэмдлийн систем, өөрөөр хэлбэл системтэй бүлгэмдэл экосистемийг үүсгэдэг. Экосистемийг байгалийн хамгийн том бүтэц гэж ойлгож ярьж байгаа нь ч буруу юм. Байгалийн ижил төстэй бүс бүслүүрт тархсан экосистемийн системийг биом гэж нэрлэдэг. Үүнээс л тайгын буюу бореал ой, тал хээрийн ой, говь цөлийн ой, халуун орны ой, далайн эргийн ой гэсэн нэр томъёо үүсэж байгаа юм.  Эдгээр биомуудын систем биосферийг, дэлхий дээрх амьдралыг, амьдрах орчныг үүсгэж бүрдүүлж байдаг.

    Уншигч Та ойжуулалтыг ярихад юун том, том олон юм ярьдаг юм гэж бодож магадгүй. Бидэн, нэн ялангуяа Монголчууд бид системтэй юмны эсрэг системгүйгээр тэмцэж байна. Системтэй юмыг системгүйгээр нөхөн сэргээх гэж оролдож байна. Системийн онол, мэдлэгтэй холбохгүйгээр ойжуулалт, ойг нөхөн сэргээх талаар ярих нь дэндүү хэцүү. 

    Ой бол мод, сөөг давамгайлсан биологийн бүлгэмдэл юм. Энэхүү бүлгэмдэлд хаг, хөвд, амьтан, ургамлын маш олон төрлийн популяцууд оролцоно. Уулын ой, талын ой, мөнх цэвдэгтэй газрын ой, мөнх цэвдэггүй газрын ой, говь, цөлийн ойд ойжуулалт хийх стандарт, нэг га-д тарих модны норм, сонгох төрөл зүйл, тарих агро техник бүгд өөр өөр сонголтой байна. Уулын ойд хөндлөн хур тунадасыг барих чиглэлд  ихэвчлэн доминант/давамгайлагч/, ко-доминант/хамтран давамгайлагч/, субдоминант/дараагийн давамгайлагч/ төрөл зүйлээс сонгож ойн өтгөрлийг нэмэгдүүлэх эсвэл ойгоор бүрхэгдсэн талбайг өргөтгөх зорилгоор тухайн ойн экосистемийг дэмжиж ойжуулалт хийдэг.  Нэг га-д тарих тарьц, суулгацын тоо, үрийн нормыг ойн хэв шинжээс, шанд, далан дээр тарих, хөрсөнд нь тарих гээд хөрсний шинж чанараас хамааруулан тогтооно гээд ойжуулалтын олон арга байна.  Халуун орны ойг нөхөн сэргээх, ойжуулах биш харин ургалтын хурдаас нь илүү хурдаар сийрүүлэх, тайрах нь чухал байдаг. Сүүлийн үед модны тоо хөөх, шинэсэн ойд мянган улиас тарьсан, шинэсэн ойд чацаргана тарьсан гэх ярианууд сонсогдох болж. Тухайн ойн экосистемийн бүлгэмдэлд огт байхгүй төрөл, зүйлийн модоор ойжуулалт хийхдээ судалгаагүй сохроор хийх нь экосистемийг эвдсэн байгалийн хуулийн эсрэг үйл ажиллагаа юм. Ойчдын агрономчдоос ялгаатай тал нь байгалийн хуулийг ойлгож, дагаж,  дэмжсэн, зохицсон тарилт, ойжуулалт хийх хэрэгцээ, шаардлага юм. 

    Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш ойн аж ахуйнууд задарч, аж ахуйн мэргэжилтний хэрэгцээ буурснаас ойн мэргэжилтнүүд ой судлалын чиглэлээр бэлтгэгдэж, мэргэших болсноос зөвхөн ойтой газар л ойжуулалт хийж болдог, бореал ойд л ойжуулалт хийнэ, бусад газар тухайлбал тал хээр, говьд ойжуулалт хийх нь тухайн экосистемээ эвддэг гэх өрөөсгөл ойлголт байна. 

    Тал хээрийн ойн аж ахуй нь 18 дугаар зуунаас эхэлж хөгжиж, бэлчээр, тариалан хамгаалах, жимс, жимсгэний болон эдийн засгийн үр ашигт моддын плантацийн ойжуулалт, агро ойжуулалт, хамгаалалтын зурвасын ойжуулалт гэх зэргээр олон хэв шинжээр хөгжиж ирсэн байна. Дэлхий нийтэд энэ талаар маш олон жишээ бий. Тал хээрийн ойжуулалт нь ус зохицуулах, хөрс хамгаалах, салхи зохицуулах гэх мэт экосистемийн доройтлыг зогсоох, сайжруулах чиглэлээр хийгдэнэ. Плантацийн/нэг төрлийн модыг олноор тарих/ ойжуулалтанд эдийн засгийн үр ашигтай болон дасан зохицолт сайтай, ургалт түргэнтэй мод, сөөгийг нутагшуулах, вегетатив эрхтэнээр үржүүлэх, үрээр үржих инвазив/түрэмгийлэх/ шинж чанарыг таслан зогсоох, орчныг хаах, арилжааны ойг буй болгох, интродукц, эд, эсийн өсгөвөр, гибриджүүлэлт, генетик, селекц,  клонизаци гээд олон зүйл энд яригдана.  

    Ер нь бол тухайн ойн экосистемийг дэмжиж массаар, олон тоогоор мод тарихыг ойжуулалт, хот суурин газар, хүний амьдрах орчныг таатай болгох, микро уур амьсгал, микро орчин бүрдүүлэх замаар төрөл, зүйлээ сонгоод тарихыг мод тарих гэж ойлгож болно. Мод тарихад өөрсдийн дуртай болон үзэмжтэй зүйлийн мод, сөөгийг тарих, харь зүйлийн мод, сөөг оруулж ирж тарих нь байдаг л зүйл. Гагцхүү энд ургамал хорио цээр, дагаж орж ирж болзошгүй өвчин, хортноос сэргийлэх нь л чухал юм. Мод тарихыг иргэн бүр хэн сонирхсон хүн нь хийж болох бол харин ойжуулалтыг мэргэжлийн хүн тухайн ургах орчинд тохирсон экотип үүсгэн хийнэ.   

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөр 600 гаруй сая мод, ойролцоогоор 200 гаруй мянган га-д бореал ойн ойжуулалт, 450 орчим сая мод, ойролцоогоор 90 мянган га-д тал хээр, татмын ойжуулалт хийгдэх юм. Харин 423 сая нь хот суурин газарт иргэд аж ахуйн нэгжийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор мод таригдахаар стратеги төлөвлөгөө боловсруулагдан, батлагдсан байдаг. Харин энэ чиглэл бүрд тохирсон хэрэгжүүлэх төлөвлөгөө гарсан эсэхийг мэдэхгүй юм. 

    Говьд мод тарьж хатаагаад байна гэж гадаадын нэг иргэн бичсэн болтой. Говьд мод тарьж болох эсэх дээр олон олон зүйл ярьж болох боловч ой, моддын ганцхан үүргийг л энд товчхоон дурдая. Ойн болон моддын, нэг ширхэг мод байсан ч ус зохицуулах чадвартай байлаг. Модод нь өвслөг ургамлаас илүү их ус хэрэглэх боловч хэмжээ хязгаартай. Хэрэглэсэн усныхаа тодорхой хувийг эргээд агаар мандалд ууршуулдаг ч агаарын чийг, хөрсний чийгийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй. Ой, мод бүхий хөрс ус шингээх чадвартай байдаг талаар энд нурших нь илүүц биз. Бид ой моддын ус шингээх чадварын ачаар орсон хур тунадасаа үер болгоод алдчихалгүй хөрсөндөө шингээж байдаг. Ой модод нь ишиндээ, мөчиртөө, үндсэндээ, титэмдээ, орчин тойрныхоо хөрсөндөө усыг барьж, хадгалдаг бөгөөд буцаагаад байгаль дэлхийд бага багаар нийлүүлж байдаг. Энэний ачаар ган гачгийн үед ой, мод бүхий газар арай илүү өвслөг ургамлын нөмрөг байж, гол, горхинууд ширгэчихэлгүй, шургачихалгүй тэсэж үлддэг. Говьд зөв модоо, зөв аргаар тарьвал хэдхэн секундэд үерлээд алга болчихдог хурын усаа зохистойгоор байгальд шингээх олон арга бий. Бас салхинд алдаад байгаа олон олон мянган тонн хөрс шороогоо ч тогтоон барих боломж бий.   

    Ой, модод орчныхоо агаарыг чийгшүүлж, салхины дагуудаа агаарын чийгшлээс шалтгаалсан хур тунадас орох нөхцлийг нэмэгдүүлж байдаг. Мод тарьсан талбай том, моддын тоо их байх тутам агаарт үүсэх чийгшлийн давхарга их, хур тунадас орох магадлал өндөр байдаг. Мод тарьсан талбайд харьцангуй чийгшил 2-3%, үнэмлэхүй чийгшил 1,5-3 мм-ээр нэмэгддэг. Энэ нь салхины дагуу 100 км, зарим үед 1000 км ч нөлөө үзүүлнэ. Салхины хурд буурдаг талаар яриад ч хэрэггүй биз. Мод тарьсан газраас илүү нүцгэн хөрснөөс усны ууршилт их явагдаж, хаталт, цөлжилт, газрын доройтлын процессыг түргэсдэг. Мод тарьсан, тариагүй хоёр газрын агаарын температур 2-5ОС, хөрсний температур 5-15ОС-аар ялгаатай байдгийг бүгд мэдэх биз ээ. Агро силво пастуре буюу бэлчээрийн хамгаалалтын ойн бүс нь малын бүтээмжийг 12-15%, зарим үед 1,5-2 дахин нэмэгдүүлдэг нь олон судалгаагаар нотлогдсон. Энэ нь малын байгалийн бэлчээрээс идэх идэмжийг багасгах, хуурай, хагас хуурай бүсэд бэлчээр хамгаалах маш үр дүнтэй арга болон хөгжиж байна. 

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол сүүлийн жилүүдэд уналтанд ороод байсан ойн салбарын эмх замбараагүй байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр босгож ирэх ойчдын өсөж, өндийх алтан боломж юм. Энэхүү боломжийг үр дүнтэйгээр ашиглан салбараа босгох, эх орондоо сурсан мэдсэнээрээ хувь нэмэр оруулах нь ойчин хүн бүрийн хүндэт үүрэг гэдэгт би итгэдэг. 

    Эх орон минь ногоон аз жаргалаар бялхаж байг. 






Сэтгэгдэл

Зочин

2026.05.12

Сайхан ярилцлага байна.

Цогоо

2026.04.04

Мэргэжлийн үүднээс энгийн ойлгомжтой сайхан тайлбарлажээ

Цогоо

2026.04.04

Мэргэжлийн үүднээс энгийн ойлгомжтой сайхан тайлбарлажээ

Цогоо

2026.04.04

Мэргэжлийн үүднээс энгийн ойлгомжтой сайхан тайлбарлажээ

Dulamsuren

2026.04.03

Erdemten doctor maani shinjleh uhaani undesleltei nariin uyaldaa holboosig gargasan tailbarig oi bolon nogoon baiguulamjig buteej bga humuust boduushtai heregjuuleh sanaag gargaj tawisand bayrlalaa.Tsaashdin ajild ni amjilt husie

Ц. Чулуунбаатар

2026.04.02

Ойжуулалтын талаар зөв ойлголт, мэдлэг хүртээх ойлгомжтой сайхан ярилцлага өгсөн байна. Манай ойчдын дунд “Биом”-н тухай мэдлэг тун тааруухан. Энэ тухай доктор Ариунзул онцгойлон тэмдэглэж ойлгуулахыг хичээсэн нь шинэлэг бас өгөөжтэй. Манай цэнхэр гаригт 9 том биомийн систем оршиж байна. Амжилт хүсье, Ариунзул докторт!

Хатансүйх

2026.04.02

Ангийн анд доктор таньд ажлын амжилт хүсье