English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ОНЦГОЙЛОН АНХААРАХ НЬ УЧРАХ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛДАГ

Ойн санг доройтуулж, хамгийн их хохирол учруулдаг зүйл бол ой хээрийн түймэр билээ. Жил бүрийн хавар, намар манай улсын ойн сан түймрээс болж мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй ихээхэн хэмжээний хохирол учруулж, зарим тохиолдолд эрдэнэт хүний амь нас эрсэдсэн олон баримтыг энд дурдаж болно. Тухайлбал, 2025 он гэхэд л ой хээрийн 273 түймэр гарч, ойролцоогоор 946,804 га талбай өртсөн. Гэтэл гуравхан минутын дотор шатаж үгүй болдог ойг дахин нөхөн сэргээж ургуулахад хамгийн багадаа 20 жил шаарддаг.  Тэгвэл Тэрбум мод сан ОБЕГ-тай хамтран олон нийтэд экологийн боловсрол олгох мөн ойн санг хамгаалах, нөхөн сэргээхэд хамтран ажиллахаар  санамж бичигт гарын үсэг зурцгаалаа.

uploaded picture

Санамж бичигт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Тэрбум мод сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагвасүрэн нар гарын үсэг зурсан юм.

uploaded picture

Тэрбум мод сангийн үндсэн чиг үүрэг нь зөв газарт зөв модыг зөв технологиор тарьж ургуулах явдал юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон 21-н аймагт нийтдээ 1435 га газрыг ойжуулж, 3,5 сая модыг тарьж ургуулаад байна.

Харин ОБЕГ нь байгалийн аливаа гамшигт үзэгдэл, ялангуяа ой хээрийн түймрийг унтрааж, иргэдийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэх, улмаар эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадвар дадлыг ард иргэдэд олгоход  анхаарч ажилладаг.

Өнөөдрийн гарын үсэг зурж баталгаажуулсан санамж бичгийн хүрээнд орон нутаг руу чиглэсэн ойжуулалтын ажил, мөн хүүхэд залууст мод тарихын ач холбогдол, ой хээрийн түймрээс хэрхэн урьдчилан сэргийлж, ойн санг хамгаалах зөв дадалд сургах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлнэ. Үүнээс гадна банк, санхүүгийн боловсролыг онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүнд олгоход дэмжлэг үзүүлж  ажиллахаар болж байна. 

Сэтгэгдэл