Мэдээ
Ойн салбарынхан яагаад хүү бага, хугацаа урт таатай нөхцөлтэй зээл авч чаддаггүй байсан бэ?...
Хамгийн сонгодог НОГООН ҮЙЛДВЭРЛЭЛ-ийг эрхэлж байгаа ойн салбарынханд хамгийн түрүүнд НОГООН ЗЭЭЛ-ээ олгох газар IPO гаргасан арилжааны банкууд юм. Энэ жилийг хүртэл ойн салбарт ажиллаж байгаа ААН-үүд банкнаас үйлдвэрлэлээ өргөжүүлэх зээл тэр бүр авч чаддаггүй байсан. Банк ч тэднийг барьцаа хөрөнгө багатай, эрсдэл өндөртэй зээлдэгч гэсэн цонхоор харж байсан нь аажмаар өөрчлөгдөж байна.
Энэхүү сургалтыг Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад зохион байгуулж байгаа бөгөөд эхний сургалт Хэнтий аймагт болж, Тэрбум мод сан, STREAM+ төсөл, аймгийн Байгаль орчны газрынхантай хамтран ойн мэргэжлийн ААН-үүд, нөхөрлөл, хоршоо, мод бэлтгэл, ойн цэвэрлэгээ эрхэлдэг газрууд, сум дундын ойн ангийнхан хамрагдлаа.
Тэрбум мод сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа: манай сан Монголбанкны бодлогын дэмжлэг, арилжааны банкуудын хамтран байгуулсан сан. Харин бидний ажиллаж байгаа талбар ойн салбар. Иймд, энэ 2 салбарын хамтран хөгжих гүүр нь болохыг зорьж, энэ удаагийн сургалтыг ойн мэргэжлийн ААН олонтой аймгуудад зохион байгуулж байна гэдгийг онцолж байсан юм.
“БАНК БА ОЙН САЛБАРЫНХАН” хамтарсан сургалтын үеэр Хаанбанк, Төрийн банк, Голомт банкныхан ямар шалгуур хангаж ногоон зээл авах вэ, ойн салбарынханд олгож байгаа зээлийн бүтээгдэхүүн, хотод тусгайлан хүлээн авч үйлчлэх салбараа ч танилцуулсан юм. Мөн банкныхан гэрээ барьцаалсан зээл олгож эхэлснийг ойн салбарынхан нэн таатай хүлээж авлаа. Өөрөөр хэлбэл орон нутгийнханд мэдээлэл дутмаг байсан орон зайг энэ удаагийн сургалт нөхөж, Амар даатгалынхан байгаль цаг уурын эрсдэлтэй орчинд үйлдвэрлэл нь явагддаг онцлогтой ойн салбарынханд тохирох бүтээгдэхүүнээ энэ үеэр танилцуулж, сонирхсон асуултад нь хариулт өгч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ гарцуудаа судалж байсан юм.
“БАНК БА ОЙН САЛБАР” сургалт энэ сарын 22-нд Сэлэнгэ аймагт, 24-нд Хөвсгөл аймагт болно.

Сэтгэгдэл