Мэдээ
Энэ удаагийн сургалтыг GIZ/STREAM+ төсөл, Тэрбум мод сантай хамтран зохион байгуулж, Хаан банк, Голомт банк, Төрийн банкны Сэлэнгэ аймаг дахь салбарынхан мөн Амар даатгал оролцож, Байгаль орчны газар, cум дундын ойн ангиуд, ойн мэргэжлийн байгууллагууд, нөхөрлөл гээд 80 гаруй хүн хамрагдлаа.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд ойн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 120 гаруй ААН байдаг. Монгол Улсын 21 аймгаас хамгийн олон ойн аж ахуйн нэгжтэй, мөн Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарих амлалтаа хамгийн түрүүнд биелүүлсэн аймаг Сэлэнгэ. Өөрөөр хэлбэл Монгол орны ойн гол цөм болсон энэ аймагт “БАНК БА ОЙН САЛБАР” хамтарсан сургалтаа хийж байгаа нь онцлог юм.
Ойн салбарынхан Тэрбум мод үндэсний хөдөлгөөн эхлэхээс өмнө бор зүрхээрээ хамгийн
бага үнэлгээтэй хөлсөөр ажиллаж байсан бол Тэрбум мод сан, Оюу толгой ХХК гээд улсын дунджаас өндөр тарифаар ойжуулалтын
ажлыг гүйцэтгүүлж, хөл дээрээ өндийж эхэлсэн. Энэ өсөлтийг удаан хадгалахын
тулд банк, даатгалынхан ойн салбарын онцлогт тохирсон зээлийн төрлийг олон
болгох, мөн томоохон газруудтай
байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг барьцаалсан зээл олгох гээд шинээр хийж байгаа
ажлуудаа энэ үеэр танилцууллаа. Тухайлбал, ХААН банк Ногоон зээлийг олгохдоо
уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох гэсэн 2 чиглэлээр нийтдээ 13
төрлийн зээл олгож байна. Сургалтад оролцож байгаа ойн салбарынхныг ашиглах
тоног төхөөрөмж худалдан авах, мод бут, тарьц суулгацаа тээвэрлэхэд, мод
үрсэлгээ, ойжуулалт хийхдээ жилийн 16,3 орчим хувийн хүүтэй НОГООН ЗЭЭЛ авч
болно гээд Green finance, Khan business апплэйкшиний хэрэглэгч болохыг зөвлөсөн
бол ашиглах техник хэрэгслээ www.techselector.com-оос аваарай гэж зөвлөж байлаа.
Харин Төрийн банк “Итгэл төгс Ногоон ирээдүй” гэсэн уриатай НОГООН ЗЭЭЛ-ийг олгож, Ногоон харилцагч нь дансаа өөрөө хүссэн тоогоороо нээх, энэ дансны гүйлгээ 10 сая төгрөгөөс давсан тохиолдол бүр Төрийн банк харилцагчийнхаа өмнөөс мод тарьж байна. Харин Голомт банкны тухайд НОГООН ЗЭЭЛ-ийн 7 төрлийг санал олгож байгаа бөгөөд гол нь банкны харилцагчийн түүх чухал гэдгийг онцоллоо. Мөн энэ үеэр Амар даатгалынхан бүтээгдэхүүнээ танилцуулсан.
Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, цөлжилттэй тэмцэх хамгийн сонгодог арга бол мод тарих юм. Манай улс 2035 онд хүлэмжийн хийг 30 хувиар бууруулах зорилт тавьсан. Банкны салбар нийт олгож байгаа зээлийнхээ бодлогоор НОГООН ҮЙЛДВЭРЛЭЛ-ийг дэмжих зорилт тавин ажиллаж байна. Ойн салбарынхан эрхэлж байгаа ажил нь улирлын чанартай. Иймд зээлээ төлөх хугацаа нь орлого олох үеэр байх, хүү нь бага, хугацаа нь урт, мөн шинэ ажлын байр дэмжсэн, зээлийн зарцуулалтын зохицуулалт бас хэт өндөр шалгууртай байна гэсэн саналуудыг хэлж байлаа.
Сэтгэгдэл