Мэдээ
Уул уурхай нь эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой ч хүрээлэн буй орчин буюу ялангуяа ашиглалтын явцад доройтсон хөрс, усанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй зэрэгцүүлэн хөгжүүлэх нь манай улсын хувьд цаг алдалгүй шийдвэрлэх ажлуудын эхэнд бичигдэх болсон. Тэгвэл БНСУ энэ чиглэлийн судалгаа туршилтаар, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байдал, үр дүнгээрээ бүс нутагтаа тэргүүлдэг. Ялангуяа ашигт малтмалын олборлолт, ашиглалтын дараа тухайн хөрсөнд ямар мод таривал экосистемийн тэнцвэртэй байдлыг дахин сэргээх вэ гэдгээр нарийн мэргэшсэн. Иймд, Тэрбум мод сан энэ удаад БНСУ-ын судалгаа хөгжүүлэлтийн тэргүүлэгч байгууллага KunLim ойн судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.
Технологи хөгжүүлэлтийн гэрээнд Тэрбум мод сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагвасүрэн, БНСУ-ын Ойн KunLim судалгааны хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал, доктор Хёонг-мин Су нар гарын үсэг зурлаа.
Технологи хөгжүүлэх гэрээний хүрээнд уул уурхайн олборлолтын явцад бохирдсон хөрсийг нөхөн сэргээх зорилгоор хамгийн тохиромжтой, тухайн орон нутагт дасан зохицсон сайн чанарын модны төрлийг тодорхойлох, цогц нөхөн сэргээлтийн технологи хөгжүүлэх загвар төслийг хамтран боловсруулах юм. Энэ ажил гурван жилийн хугацаанд үргэлжилнэ.

Сэтгэгдэл