Мэдээ
Манай улсын хэмжээнд ердийн даатгалын 18, урт хугацааны буюу амьдралын даатгалын үйлчилгээ үзүүлдэг гурав гээд нийтдээ 21 даатгалын компани үйл ажиллагаа явуулж байна. Даатгалын салбарынхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн" -ий хүрээнд 5 сая мод тарьж ургуулах амлалт авчээ. Өнөөдөр Тэрбум мод сан манай улсад даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа хоёр дээвэр холбоо буюу “Монголын даатгалын холбоо”, Монголын даатгалын зах зээлийн холбоо НҮТББ-уудтай хамтран ажиллах менежментийн гэрээ байгууллаа. Гэрээнд Тэрбум мод сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа, “Монголын даатгалын холбоо” НҮТББ-ын Ерөнхийлөгч Т.Батзул, Монголын даатгалын зах зээлийн холбоо НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Жавхланцогт нар гарын үсэг зурлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн"-ийг дэмжиж, нийгмийн хариуцлагын хүрээнд даатгалын салбарын хэмжээнд таван сая мод тарих амлалтаа хэрэгжүүлнэ. Ингэснээр байгаль орчныг хамгаалах, газрын доройтол, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтийг сааруулах зорилгоор доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулах, мод тарих арчлан хамгаалах үйл ажиллагааг сангаар дамжуулан мэргэжил, туршлагын шаардлага хангасан байгууллагаар гүйцэтгүүлж, санхүүжилтийг нь шийдвэрлэн ажиллана.

Тэрбум мод сангийнхан мод тарих, ойг нөхөн сэргээх, ойжуулах,
арчлан хамгаалах ажлыг гүйцэтгэх мэргэжлийн байгууллагуудыг Даатгалын холбоодын
гишүүн компаниудад танилцуулах, санал болгох, эцсийн гүйцэтгэгчийг хамтран
сонгон шалгаруулах, Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу ажил
хийгдэж байгааг хянаж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг тухай бүрд нь өгнө.
Гэрээний үйлчлэх хугацаа 2030 он хүртэл
байх бөгөөд шаардлагатай мэдээллээр хангаж ажиллахаар зааж өгчээ. Тэрбум
мод сангийн хувьд үндсэн 5 чиглэлийн үйл ажиллагааг явуулахаас гадна ХААН банк болон АПУ ХК-тай менежментийн гэрээ
байгуулан ажиллаж, мод тарих, доройтсон ойг нөхөн
сэргээх ажлыг хариуцан гүйцэтгэж байна. Даатгалын
компаниудтай цаашдаа үндсэн эрхэлж байгаа үйлдвэрлэл нь 100 хувь байгаль
цаг уураас хамааралтай ажилладаг ойн салбарынхны бизнесийн онцлогийг тусгасан
даатгалын шинэ бүтээгдэхүүн гаргахаар хамтран судалж байна. Тэрбум мод сан нь 2022 онд байгуулагдаж, өнөөдрийн байдлаар 93
төслийг санхүүжүүлэн, 3,5 сая модыг тарьж, ургалтын хувь нь 90-ээш хувьтай
ургаж байна.
Сэтгэгдэл