English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

Биологийн олон янз байдлын өдөр: Орон нутгаас эхэлж, дэлхийд нөлөөлье

Жил бүрийн 5 дугаар сарын 22-нд “Биологийн олон янз байдлын олон улсын өдөр”-ийг дэлхий нийтээр тэмдэглэдэг. Энэ өдөр нь биологийн олон янз байдлын үнэ цэн, түүнийг хамгаалах шаардлага, хүн ба байгалийн харилцан хамаарлыг олон нийтэд таниулах зорилготой юм.

2026 оны уриа болох “Acting locally for global impact” нь байгаль хамгааллын ажил орон нутаг бүрийн оролцоо, зөв шийдвэр, хамтын хариуцлагаас эхэлдгийг онцолж байна.Биологийн олон янз байдал нь ургамал, амьтан, бичил биетэн, тэдгээрийн амьдрах орчин, экосистемийн харилцан уялдаа холбоог илэрхийлдэг. Энэ нь зөвхөн байгалийн гоо үзэмж бус, хүний эрүүл мэнд, цэвэр ус, хөрсний үржил шим, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын тэсвэртэй байдалтай шууд холбоотой.

Японы сургамж: Нэг төрлийн ой урт хугацаанд эрсдэл дагуулж болдог

uploaded picture

BBC Future-ийн мэдээлснээр, Япон улс Дэлхийн II дайны дараа ойгоо хурдан нөхөн сэргээх зорилгоор хуш болон кипарис модыг өргөн хүрээнд тарьжээ. Тухайн үед эдгээр мод нь хурдан ургадаг, барилгын материалд ашиглахад тохиромжтой байсан тул ойг богино хугацаанд сэргээх зөв шийдэл мэт харагдаж байв.Гэвч олон арван жилийн дараа эдгээр таримал ой нь улирлын харшлын томоохон шалтгаан болсон байна. Ялангуяа хаврын улиралд хуш, кипарис модноос ялгарах тоосонцор агаарт их хэмжээгээр тархаж, Японы хүн амын ойролцоогоор 40 гаруй хувь нь улирлын харшлын шинж тэмдэгтэй тулгардаг гэж тус улсын ойн салбарын тайланд дурджээ. Үүний хариуд Япон улс сүүлийн жилүүдэд тоосонцор багатай модны суулгац үйлдвэрлэх, өндөр тоосонцор ялгаруулдаг хуш модны таримал ойг үе шаттайгаар огтолж шинэчлэх, дотоодын мод ашиглалтыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч байна. Японы Засгийн газар 2033 он гэхэд хуш модны таримал ойн талбайг 2023 оны түвшнээс 20 хувиар бууруулах, урт хугацаандаа агаарт тархах тоосонцрын хэмжээг 30 жилийн дотор хоёр дахин багасгах зорилт тавьсан байна.

Энэ жишээ нь ойжуулалт, нөхөн сэргээлт хийхдээ зөвхөн модны тоо бус, төрөл зүйлийн олон янз байдал, тухайн газрын экосистемийн онцлог, урт хугацааны нөлөөллийг зайлшгүй тооцох ёстойг харуулж байна.

Их Британи: Байгаль сэргээх ажил орон нутгийн амьдралтай уялдах ёстой

uploaded picture

Их Британид өмнө нь устаж үгүй болсон цагаан сүүлт бүргэдийг дахин нутагшуулах ажил хэрэгжиж байна. Энэ нь алдагдсан төрөл зүйлийг сэргээж, экосистемийн тэнцвэрт байдлыг дэмжих чухал алхам гэж үзэж байна.Гэвч уг ажил орон нутгийн фермерүүдийн дунд тодорхой болгоомжлол үүсгээд байна. Тэд бүргэд мал аж ахуй, ялангуяа хурга, төл малд эрсдэл учруулж болзошгүй гэж санаа зовниж байгаа юм. Энэ жишээ нь байгаль сэргээх аливаа санаачилга зөвхөн экологийн үр дүнгээр хэмжигдэхгүй, харин тухайн орон нутгийн иргэдийн амьдрал, эдийн засаг, ойлголцолтой нягт уялдаж байж тогтвортой хэрэгждэгийг харуулж байна.

Чили: Хотын намгархаг газрыг сэргээж байна

uploaded picture

Чилийн зарим хотод иргэд, орон нутгийн байгууллагууд хамтран хот доторх намгархаг газруудыг сэргээх ажлыг хэрэгжүүлж байна. Өмнө нь хог хаягдал ихтэй, ашиглалтгүй орхигдсон газруудыг цэвэрлэж, нутгийн ургамлыг дахин тарьж, байгальд ээлтэй нийтийн орон зай болгон өөрчилж байгаа нь анхаарал татаж байна.Намгархаг газар нь зөвхөн шувууд, ургамал, усны амьтдын амьдрах орчин төдийгүй хотын үерийн эрсдэлийг бууруулах, усны чанарыг хамгаалах, халуун өдрүүдэд орчныг сэрүүцүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.


Энэ жишээ нь биологийн олон янз байдлыг хамгаалах ажил заавал том хэмжээний төсөл байх албагүйг харуулж байна. Иргэдийн оролцоо, орон нутгийн зөв төлөвлөлтөөр хотын доторх жижиг экосистемүүдийг сэргээж, хүн ба байгаль хамт орших орчныг бий болгох боломжтой юм.

Дүгнэлт

Япон, Их Британи, Чилийн эдгээр жишээ нь биологийн олон янз байдал хүний эрүүл мэнд, орон нутгийн амьдрал, уур амьсгалын тэсвэртэй байдалтай шууд холбоотойг харуулж байна.

Байгаль хамгааллын эерэг өөрчлөлт орон нутгаас эхэлж, дэлхийд нөлөөлдөг.

Эх сурвалж: CBD, BBC Future, BBC News, BBC People Fixing the World

Сэтгэгдэл