English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРӨӨР ХОЁР СУРГУУЛЬ, НЭГ ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНАХ ТАЛБАЙГ НОГООН БОЛГОЖ, БАГАЧУУДДАА БЭЛЭГ БАРИНА

Тэрбум мод сан нь үндсэн таван чиглэлээр төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлэн хэрэгжүүлдэг бөгөөд Чиглэл нэгийн хүрээнд төрийн өмчийн 45-н сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гаднах талбайг  ногоон байгууламжтай болгож байна. 2026 онд нийтдээ есөн сургууль, цэцэрлэгийн гаднах талбайд  мод тарьж, зүлэгжүүлж өгнө. Тухайлбал, Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан, Нийслэлийн Ерөнхий боловсролын 163-р сургууль, 168-р сургууль, мөн 291-р цэцэрлэгийн гаднах талбайд голт бор, бүйлс, хайлаас, гүйлс зэрэг долоон төрлийн  тус бүр 700 гаруй мод тарьж, 300 м2 талбайг зүлэгжүүлэхээс гадна цэцгийн мандал хийж өгнө. Ингэснээр хүүхдүүд ногоон орчинд сурч хүмүүжих байгалийн таатай орчин бүрдэхийн зэрэгцээ багаасаа экологийн боловсрол эзэмших, улмаар хүүхдээр дамжуулан эцэг эхчүүдэд мод тарих сэдэл, санаачилга төрүүлэх давхар ач холбогдолтой төсөл юм.

uploaded picture

uploaded picture

НОГООН БАЙГУУЛАМЖ-тай болгох  хамтран ажиллах гэрээнд Тэрбум мод сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа,  Гүйцэтгэгчээр шалгарсан “Охь мандал” ХХК, “Учралт төгөл” ХХК-ийн захирлууд болон Фермер эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын тэргүүн, төсөл хэрэгжих сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлууд гарын үсэг зурлаа. Гэрээ гурван жилийн хугацаанд хэрэгжиж, арчлалт хамгаалалтыг гүйцэтгэгч ААН-үүд хариуцаж, харин зардлыг нь Тэрбум мод сан гаргана. 

uploaded picture

uploaded picture

uploaded picture

Өнөөдрөөс ногоон байгууламжийн ажил нь эхэлж байгаа дээрх гурван сургууль, цэцэрлэг нь харьцангуй сүүлд байгуулагдсан, хотын төвөөс алслагдсан, гаднах талбайн тохижилтоо төсвийн мөнгөөр хийх боломжгүй газрууд байсан. Төсөл хэрэгжих сургууль, цэцэрлэгүүдэд нийтдээ 5000 хүүхэд сурч, хүмүүжиж байгаа бөгөөд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ийнхүү Тэрбум мод сангийнхан НОГООН ОРЧИН-оор бэлэг барьж байна. Хүүхдүүд амраад ирэх намар сургууль, цэцэрлэгтээ ирэхэд модтой, цэцэгтэй, зүлэгтэй тоглоход таатай сайхан ногоон талбай эздээ угтана.   

Сэтгэгдэл