Мэдээ
“Тэрбум мод сан” нь НҮБ-ын Хүүхдийн сан мөн Кредитех СТМ ББСБ ХХК-тай 2025 оны 6-р сард Харилцан ойлголцлолын санамж бичиг байгуулсан.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Сан санхүүжилийг нь хариуцан, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 176-р цэцэрлэгийн гаднах талбайг тохижуулан, 700 гаруй мод тарьж, 420м2 талбайг ойжуулалтын мэргэжлийн байгууллагаар зүлэгжүүлж өглөө.
Харин Кредитех СТМ ББСБ ХХК нь цэцэрлэгийн ангиудад зургаан агаар цэвэршүүлэгчийг жилийн хэрэглээг хангах шүлтүүрийн хамт хүлээлгэн өгсөн юм.
Ийнхүү хагас жилийн өмнө зөвхөн цаасан дээр эхэлж байсан төсөл бодит биеллээ олж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 176-р цэцэрлэгийн багачуул баяраараа “ГОЁ ЦЭЦЭРЛЭГ”-тэй болж байна.
Ногоон байгууламжийн төслийн гүйцэтгэгчээр Ц.Төмөртогоо захиралтай Фермер эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ынхан ажиллаж, гурван жилийн хугацаанд тарьсан модоо арчилж, хамгаалах ажлыг цэцэрлэгийн хамт олонтой хамтран хийнэ.
Тэрбум мод сан өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод төрийн өмчийн 45 сургууль, цэцэрлэг, 3 улсын эмнэлгийн гаднах талбайг эко ногоон орчинтой болгож, энд нийтдээ 35 мянган модыг тарьж, ургуулж байна. Ингэснээр 20 мянган хүүхэд НОГООН ОРЧИН-той сургууль, цэцэрлэгт сурч хүмүүжих нөхцөлийг бүрдүүлж, Тэрбум мод сан төрд нэмэлт хүч болон ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл