Мэдээ
Тэрбум мод сан ХААН банктай ойжуулалтын ажил хамтран гүйцэтгэх менежментийн гэрээ -2025 онд байгуулан, Төв аймгийн Батсүмбэр сумын ойг нөхөн сэргээж ойжуулалтын ажлыг хариуцан гүйцэтгэж байна. Тус сумын Бууралын гол гэдэг газар нийтдээ 254 га талбайд шилмүүст модны хоёр настай 636 мянган суулгацаар уулын ойжуулалтыг өнгөрсөн оны намар хийсэн. Ойжуулалтын ажлыг “Бугант нандин” ХХК, “Ойн хүрэм” ХХК, “Ойн баясах” ХХК болон “Агро форест” компаниуд гүйцэтгэлээ. Өөрөөр хэлбэл Батсүмбэр суман дахь улсын тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газар тарьсан моднууд анхны өвөл, хавраа давж, урин цагтай золгож байгаа нь энэ.

Энэхүү ойжуулалтын ажлаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Тэрбум мод сангийн ажлын албаныхан болон техникийн хорооны зөвлөхүүд, Батсүмбэр сумын Байгаль орчны газар болон гүйцэтгэгч компанийн төлөөллийг байлцуулан энэ жилийн анхны хяналтын тооллогоо хийлээ.
Батсүмбэр сумын Бууралын гол нь нутгийнхаа бүр гүн рүү, машинаар очиход саад бартаа ихтэй, ойжуулалт хийсэн уул нь эгц цавчим, шатаад удсан тул ойн хэв шинжээ алдаж, хээршсэн гээд ажиллагаа ихтэй нутаг. Иймд, гүйцэтгэгч компаниуд шинэсний хоёр настай тарьцаа боломжтой газар нь шан татаж, харин эгц, хадархаг газраар царилдаж тарьжээ.


Ойжуулалт хийсэн нутагт өнгөрсөн өвөл цас их унасан тул хангалттай чийг авч, жижиг суулгац нь орчиндоо илүү дасан зохицож, сайн ургах таатай нөхцөл бүрджээ. Энэ хавар салхи ихтэй, өдөр шөнийн агаарын хэм хэт зөрүүтэй байсан нь тарьсан мод өндрөө гүйцэд авахад муугаар нөлөөлсөн байлаа. Гэсэн хэдий ч ирэх өдрүүдэд цаг агаар дулаарчихвал төлөвлөсөн хэмжээнд өсөлтөө авах боломжтой, тарилт технологийн дагуу хийгдсэн гэсэн урьдчилсан дүгнэлтийг хяналтын багийнхан өглөө. ХААН банкны санхүүжилтээр гүйцэтгэсэн ойжуулалтын ажлыг 2028 онд Улсын ойн санд хүлээлгэн өгөхөөр талууд ажиллаж байна.


Сэтгэгдэл