English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

ТЭРБУМ МОД САН ХӨНӨӨЛТ ШАВЖИД ИДЭГДЭЖ, ДОРОЙТСОН АРХАНГАЙ АЙМГИЙН ОЙН САНГ НӨХӨН СЭРГЭЭЖ ЭХЭЛЛЭЭ

Таны харж байгаа байгалийн үзэсгэлэнт энэ газар 2000 оны эхэн үед түймэрт өртөж, өөрийн унаган төрхөө алдсан. Байгалийн сэргэн ургалтаар ойн сан нь дахин сэргэж байсан ч төвийн бүсийн аймгуудын жишгээр хөнөөлтортон шавжид идэгдэж, доройтон энэ хавартай золгосон. Тэгвэл Тэрбум мод сангийнхан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран Архангай аймгийн доройтсон ойн судалгааг өнгөрсөн гуравдугаар сард хийж, нөхөн сэргээлт хийх зайлшгүй газруудын нэгээр Булган сумын Олон нүүрт хэмээх энэ газрыг сонгосон. 


uploaded pictureuploaded picture

100 га-д 250 мянган шинэс модны хоёр настай суулгацыг тарьж, гурван жилийн хугацаанд арчлан хамгаалах, нөхөн сэргээх бүх зардлыг Тэрбум мод сан хариуцан ажиллана. Энэ ажлын гүйцэтгэгчээр Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг Тэгш дүүрэн ММОМ ХХК ажиллаж байгаа бөгөөд нутгийн иргэд, нөхөрлөлүүдийн хамтын оролцоог ханган, ойжуулалтын ажлаа амжилттай дуусгалаа. 

Тэрбум мод сан нь 2026 онд Сэлэнгэ аймгаас гадна Архангай, Булган, Дорнод, Завхан, Хэнтий гэсэн таван аймгаар уулын ойжуулалтын бүсээ тэлж, Монгол орны ойн санг 9+ хувьд хүргэх зорилтод нэгдэн, бодит ажил хийж  байна. Өнөөдрийн байдлаар Сангийн санхүүжилтээр 118 төсөл хөтөлбөрийг үндсэн таван чиглэлээр хэрэгжүүлж, тарьж ургуулж байгаа модны тоо 7,1 саяд хүрээд байна. Тэрбум мод сангийнхан энэ өдрүүдэд Архангай аймагт ажиллаж, хаврын ойжуулсан талбайн үзлэгийг  газар дээр нь хийлээ. Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Олон нүүр хэмээх энэ газар нь харьцангуй нутгийн гүн рүү, уулын ам бүр нь модтой, ховор эмийн ургамал, олон төрлийн жимс ургадаг, Архангай аймгийн хүн, малын ундаа болсон гүний цэвэр усны гол нөөцийг тогтоон барьж байдаг стратегийн өндөр ач холбогдолтой ойн сан бүхий газар. Тэрбум мод сангийн уулын ойжуулалттай зэрэгцэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Цэцэрлэг суманд мөн 100 га талбайг нөхөн сэргээж байгаа гээд урд өмнө тус аймагт хийгдэж байгаагүй томоохон талбайг хамарсан ойжуулалтын ажлууд ийнхүү Архангай аймагт энэ жил амжилттай явагдаж байна.  

uploaded pictureuploaded picture

Сэтгэгдэл