Мэдээ
БНХАУ-ын Өвөр Монголын нутаг дэвсгэрийг уул уурхайн ашиглалтын дараах хүндхэн үе тойроогүй бас л манайх шиг дайрчээ. Хөх хотын ид бүтээн байгуулалтын он жилүүдэд Далан хар уулын урд энгэрт орших энэ нутгаас хайрга дайрга, элс их хэмжээгээр олборлож, ухсан нүх, ундуй сундуй газар л үлджээ. Яг л манайхтай адил хүн мал ухсан нүхэнд нь унаж үхэх эрсдэлтэй айл амьтан тойрдог газар байв.

Иймд, Өвөр Монголын өөртөө засах орны захиргаанаас Цэлгэрийн тал хэмээх энэ газарт нөхөн сэргээлт хийх гэрээг “Монграсс экологийн орчин” ХК-тай 2016 онд нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж байжээ. Энэ компани нийтдээ 2000 га талбайг хэрхэн нөхөн сэргээх зураг төслөө боловсруулж, бүрэн хашаажуулж, мод тарьж зүлэгжүүлэн, услалтын намираа системийг суурилуулж, байгалийн хурын усаар цэнэглэгдэх хөв цөөрмийг байгуулсны зэрэгцээ эртний нүүдэлчдийн ахуй амьдралыг цогцоор нь илэрхийлэх гэр байгууламж, хөв цөөрөм хийж тал нутгийн аялал жуулчлалын ЖИШИГ ПАРКИЙГ байгуулжээ. Нөхөн сэргээлтийн үр дүнд 50 гаруй төрлийн өвс ургамал шинээр ургаж, тарьсан моднууд нь бүрэн нутагшжээ. Мөн энэ бүс нутагт ямар ургамал хамгийн сайн ургаж байгаа судалгааг жилийн дөрвөн улирал өдөр бүр өглөө, өдөр, орой гэсэн давтамжтайгаар эрдэм шинжилгээ судалгааны ажилтнууд нь хяналт хийж байна. Судалгаа шинжилгээний 20 гаруй хүн энд суурин ажилладаг.


Цэлгэрийн талын нөхөн сэргээлтийн үр дүнд 7 жилийн дараа энд анх удаа царцаа үзэгдэж, одоо Sile chuan park-ын хамгийн хүндтэй зочин болжээ. Байгалийн унаган төрх нь эргэн ирсэн тул тал нутгийг үзэх гэсэн гадна дотны жуулчдыг хүлээн авах орд өргөөг барьж, паркаа жинхэнэ утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулжээ. Тухайлбал, 28 метр өндөр буюу 9 давхар байртай тэнцэхүйц дэлхийн хамгийн том гэрийг уламжлалт аргаар барьж, жуулчдын нүдийг хужирлахын зэрэгцээ төрөл бүрийн хурал зөвлөгөөн, хурим найр зохион байгуулах хүсэлтэд дарагддаг болжээ. Хамгийн том монгол гэрийг барьсан мөнгө нь 90 сая юань болсон гэж танилцуулсан. Их өргөөнөөс гадна дагалдах монгол гэрүүдийг ч манай урчуудаар бариулж, доторх тавилгыг урчууд урлан, хивс оёмол эдлэлийг уран гартнууд газар дээр нь оёж, хатгаж нүүдэлчин ахуйг сурталчилж байна.
Уул уурхайн орхигдсон талбайг нөхөн сэргээх зардлыг улсынх нь төсвөөс хариуцаж, үр дүнгээр нь жил бүр гэрээгээ сунгаж явдаг гэнэ. “Монграсс экологийн орчин” ХК энэ паркийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар жилдээ 3 сая жуулчин хүлээн авч, 2 тэрбум юанийг Өвөр монголын өөртөө засах орны захиргаанд оруулдаг болтлоо анхны зардлаа амжилттай нөхсөн төсөлд тооцогдож байна. Ийнхүү үр дүнтэй ажиллаж байгаа сайн туршлагаа шинжлэх ухааны ололт дээр нь нэмээд оновчтой санхүүжилт, зөв төлөвлөлт хэмээн тодорхойлж байлаа.
Сэтгэгдэл