Мэдээ
Манай говийн бүсийн цөлжилт их эртнээс эхтэй. Ялангуяа Дундговь аймаг цөлжилтөд хурдацтай нэрвэгдэж, хүн мал амьдрахад хүндхэн цаг агаартай нутаг болсон. Тэгвэл Тэрбум мод сангийн санхүүжилтээр 2024 оны хавар Дундговь аймгийн Адаацаг сумын Сүн багийн нутаг Шинэ -Ус хэмээх газрын 10 га талбайд 13 нэр төрлийн нийтдээ 6385 мод бүхий салхинаас хамгаалах ойн зурвас байгуулахаар агро ойжуулалтаа эхлүүлсэн. Гэхдээ энэ ажлыг эхлэхийн тулд нутгийн малчидтай тохиролцож, өвөлжөөг нь нүүлгэн шинэ газрыг нь тохиржуулан, хашаа хороог нь шинэчлэн, мод тарьсан хэсэгт мал бэлчээхгүй гэж тохиролцсон.


10 га газраа хашаалж, услалтын системээ суурилуулсны дараа модоо тарьсан. Угаасаа энэ нутгийн хөрс хужир ихтэй PH нь 10-аас өндөр тул хөрсөө бэлтгэхэд их хугацаа зарцуулсан гэж байлаа. Мөн эхний жилдээ талбайд үер орж, тарилтад нөлөөлсөн зэрэг бэрхшээлүүдийг төсөл хэрэгжүүлэгчид туулсан. Төсөл эхлээд гурван жил болоход энд ямар мод ургах бас ургахгүй нь тодорхой болжээ. Тухайлбал, агч, голт бор, монос, давжаа алим зэрэг навчит модонд цаг агаар нь хүйтдээд өндрийн хангалттай өсөлт авахгүй байгаа бол хайлаас, шар хуайс, жигд, сухай нь говьд ургахад хамгийн тохиромжтой болох нь туршилтаар батлагдлаа.


Анхнаасаа энэ газрыг хашаалсан тул дэрс бут будраган цагийн аясаар ямар ч арчилгаагүй ургаж, энэ нь эргээд тарьсан модоо салхинаас нөмөрлөн, 10-аад төрлийн ургамал шинээр ургасан нь байгаль өөрийгөө хэрхэн өнгөлдгийн тод томруун жишээ гэлтэй. Өвс ургамал халиураад ирэхтэй зэрэгцээд зуны дэлгэр цагт шувууд чуулдаг болж, нүүдлийн шувуудын түр саатаад өнгөрдөг нэг ёсны “АМРАЛТЫН ГАЗАР” болон хувирчээ. Хаана өвч ургамал, мод байна тэнд ан амьтан цуглардаг жишгээр говийн бор туулай, үхэр огдой, гүрвэл энд эзэн суув. Өмнө нь хэд гуравхан төрлийн ургамлын үндсээр хоол тэжээлээ залгуулдаг байсан туулай модыг нь шинэ амтлаг хүнс болгон зооглож, модоо ургуулахын зэрэгцээ туулайтай тэмцэх шинэ ажилтай болсон тухай “Эрдэнийн лавай” ЗБН-ийн мэргэжилтэн, судлаач Р.Баттөмөр биднийг очиход хуучилж байлаа. Ийнхүү мод тарих нь эргээд биологийн олон янз байдал бүрдэх хамгийн урьдач таатай нөхцөл болдгийг Тэрбум мод сангийн Адаацаг суманд хэрэгжүүлсэн олон нийтийн оролцоотой ойжуулалтын төсөл баталлаа. Говьдоо хамгийн олон жуулчин хүлээж авдаг Эрдэнэ-Ухаа жуулчны баазыг түшиглэн байгуулсан энэ агро ойжуулалтын үр дүнд гадны жуулчид Монголд аялах төлбөртөө мод тарих мөнгөө ч хийе гэдэг санал тавьдаг болсон нь эргээд эдийн засгийн үр ашигтай төсөл гэдгийг бэлээхэн нотолж буй хэргээ.

Сэтгэгдэл