Тэрбум Мод Сан нь Монгол Солонгосын хамтарсан Ногоон хэрэм төсөлтэй хамтран ажиллах санамж бичгийг 2023 онд байгуулсан бөгөөд энэ хамтын ажиллагаа нь байгаль орчны хамгаалал, мод тарих, ногоон байгууламж нэмэгдүүлэх зэрэг олон талт зорилтуудыг дэмжихэд чиглэж ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд, Тэрбум Мод Сангийн төлөөлөл Ногоон хэрэм төслийн 3-р шатны (2022-2026 он) хэрэгжилтийн хүрээнд Өвөрхангай аймаг Арвайхээр сум дахь Ойг нөхөн сэргээх суурь байгууламжид “Арвай” сургалт мэдээллийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 20 -ний өдөр оролцлоо.
“Арвай” сургалт мэдээллийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд Өвөрхангай аймгийн ИТХ-ийн дарга Т.Нарангарав, БОУАӨ-ийн газрын дарга Г.Баясгалан, сум дундын ойн ангийн дарга, аймгийн байгаль орчин, мод үржүүлэг, ойн салбарын мэргэжилтнүүд оролцож тус сургалт мэдээллийн төв болон мод үржүүлгийн газар тоног төхөөрөмжүүдтэй танилцан сургалтад хамрагдлаа. Өвөрхангай аймаг нь энэхүү Арвай сургалт мэдээллийн төвтэй болсон хамгийн анхны аймаг болж, сургалт мэдээллийн төвийн барилга байгууламж нь Хайбрид Хаус буюу нарны эрчим хүчээр халдаг технологийн шийдлээр баригдсан нь байгальд ээлтэй эрчим хүч хэрэглэхгүй ногоон байгууламж гэдгээрээ мөн онцлог байлаа. Ногоон хэрэм төслийн шугамаар хэрэгжиж буй энэхүү төслийн мод үржүүлгийн газар нь нийт 15 га талбайд гүний худаг, хүлэмж, эрчим хүчний хэмнэлттэй сургалт мэдээллийн төв, бууц хадгалах нүх, тарьц суулгац хадгалах зоорь, агуулах зэрэг мод үржүүлгийн ажилд шаардлагатай бааз дэд бүтцийг цогцоор нь бий болгосон байна.
Тэрбум Мод Сангийн ажлын алба сангийн үйл ажиллагааны талаарх танилцуулга мэдээллийг ирсэн зочдод хүргэж, ойн салбарт хэрэгжүүлж байгаа төслүүд болон үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээн хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээлэл өгч ажиллаа.
Тэрбум Мод Сан нь Ногоон хэрэм төслийн байгуулсан энэхүү суурь бааз, сургалт мэдээллийн төвийг орон нутгийн иргэдэд чиглэсэн байгаль орчин, мод тарьж ургуулах арчлан хамгаалахын талаар мэдлэг, мэдэгдэхүүнийг хүргэх, төслийн гүйцэтгэгч байгууллагуудын чадавхыг сайжруулахад Ногоон хэрэм төсөл, Өвөрхангай аймаг БОУАӨГ болон ойн салбарын аж ахуй нэгж, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахдаа нээлттэй байх болно.
Сэтгэгдэл