Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр саруудын Бямба, Ням гарагуудыг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ.
"Тэрбум мод тарих үндэсний өдөр"-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ой усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, олон нийтэд сурталчлах мод тарьж арчлан ургуулах ажлыг дэмжин банкны салбарын оролцоог ханган бүх нийтээр мод тарих үйлсийг дэлгэрүүлэхээр Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк, Монголын банкны холбоо, Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Хас банк, Капитрон Банк, Ариг банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банк, Чингис Хаан Банк, Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк, ТоС Холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл Гачууртад байрлах Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн (International Garden of Mongolia)-д бүх нийтээрээ мод тарилаа.
Зохион байгуулагчаар Тэрбум Мод Сан, Олон Улсын Эко Цэцэрлэгт Хүрээлэнтэй хамтран ажиллалаа.
2024 оны хавар, намрын бүх нийтийн мод тарилтаар 500 гаруй банкны ажилтнууд нарс, шинэс, гацуур зэрэг шилмүүст болон навчит 20 гаруй нэр төрлийн нийт 7032 ширхэг модыг тус цэцэрлэгт хүрээлэнд тарьсан билээ.
Үргэлжлүүлэн, энэ оны хаврын мод тарилтаар тарих модны төрөл зүйлийг нэмэгдүүлэн цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжид өргөнөөр хэрэглэгддэг, гоёл чимэглэлийн өндөр ач холбогдолтой, анхилуун үнэртэй, өнгийн цэцэгстэй Монгол орны цаг уурын нөхцөлд бүрэн нутагшиж чаддаг голт бор, жигд зэрэг модыг тарьж, өмнөх тарьсан модны арчилгаа болон цэнэг усалгааг хийлээ.
Тэрбум мод сан нь ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийх, мод тарихад олон нийтийн оролцоог хангах, бүх нийтийн экологийн боловсролд хувь нэмэр оруулах зэрэг үйл ажиллагааны хүрээнд энэхүү 2 жил гаруй хугацаанд буюу 2023 онд нийт 34 төсөл, 2024 онд нийт 47 төсөлд буцалтгүй санхүүжилтийг олгосон бөгөөд төслийн үр дүнд өнөөдрийн байдлаар нийтдээ 3.0 сая гаруй мод тарьсан амжилтын үзүүлэлттэй ажиллаж байна. 2025 онд санхүүжилт олгох төслүүдээ сонгон шалгаруулан, ойн салбарт оруулах хувь нэмрээ тасралтгүй хангахад, их хэмжээний ой нөхөн сэргээлтийн төслүүдийг хэрэгжүүлэх замаар үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэн Монгол орны ойн салбарт тогтвортой хөгжлийг бий болгоход хувийн хэвшлүүдээ түүчээлэн ажилласаар байна.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулах үйл хэрэгт идэвхтэй оролцож, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хөгжлийн түнш байгууллагууд, хандивлагч нартаа уриалж байна.
Сэтгэгдэл