Мэдээ
Банкны салбарынхан 50 сая мод тарих амлалтынхаа хүрээнд Тэрбум мод сангаас хэрэгжүүлж байгаа гол төслүүдийн нэг нь Улаанбаатар хот болон 21 аймагт банкны төгөлийг 2024 оноос байгуулж эхэлсэн. Энэ удаад Баянхонгор аймагт банкны төгөл байгуулах ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Баянхонгор аймагт банкны төгөл байгуулах тухай гэрээнд Тэрбум мод сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа, Баянхонгор сумын Засаг дарга М.Насанбат, Монголбанкны салбарын захирал Л.Оломбаяр болон төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “Био эко ланд” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэрэнбат нар гарын үсэг зурлаа.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Оготнотой булгийн баруун хойд талын төв зам дагуух 1600м.кв талбай бүхий газар дээр “Банкны төгөл”-ийг байгуулж, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж байгуулах ажлыг мэргэжлийн түвшинд хийхээр болж байна. Энд 2,100 мод , үүний 1,500 ширхэг хайлаас байх бол үлдсэн 600 нь гоёлын мод тарих юм. Үүнээс гадна усалгааны зориулалттай худаг гаргаж, нийт 1,600 м2 талбайд хашаа хийж хамгаалалтад авна. Зөвхөн мод тариад зогсохгүй иргэдийн чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэхэд зориулж, Банкны төгөлдөө 100 м2 явган хүний зам талбай, 3 сүүдрэвч хийх төсвийг ч Тэрбум мод сангаас санхүүжүүлж байгаа юм. Төслийн нийт үргэлжлэх хугацаа гурван жил. Энэ хугацаанд төслийн гүйцэтгэгчээр шалгарсан компани усалгаа арчилгаа, зүлэгжүүлэлт, нөхөн сэргээлт, тохижилтын ажлыг хамтад нь хариуцан ажиллана. Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд “БАНКНЫ ТӨГӨЛ” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Баянхонгор аймаг нь тал хээрийн бүсэд оршдог. Уур амьсгалын сөрөг өөрчлөлтөд өртөж байгаа аймгуудын нэг бөгөөд ийнхүү цөлжилтийн эсрэг хамтдаа мод тарих, тарьсан модоо ургуулах аянд Баянхонгор аймгийнхан Тэрбум мод сангийнхантай нэгдлээ.
Сэтгэгдэл