Мэдээ
Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд Говь-Алтай аймагт “БАНКНЫ ТӨГӨЛ” байгуулна. Энэ гэрээнд ТЭРБУМ МОД САН-гийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа, Монголбанкны салбарын захирал С.Билэгбаатар мөн төгөл байгуулах гүйцэтгэгчээр ажиллах “Гуулин ногоон алмааз” хоршооны дарга Г.Түмэндэмбэрэл нар гарын үсэг зурлаа.


Төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд байрлах 3000 м.кв талбайд “Банкны төгөл”-ийг байгуулж, 2000 мод тарьж ургуулна. Ганцхан мод тариад зогсохгүй 180 м.кв явган хүний замыг шинээр тавьж, сүүдрэвч, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажлыг хамтад нь хийж гүйцэтгэх юм. Ингэснээр Алтай нутгийнхан амарч тухлах нэгэн шинэ цэцэрлэгт хүрээлэнтэй болохын зэрэгцээ уур амьсгалын сөрөг өөрчлөлтийг бууруулах улмаар ард иргэдэд зөв газар, зөв модыг, зөв технологиор тарьж ургуулах аргад суралцах нөлөөллийн давхар ач холбогдолтой. Цэцэрлэгийн хүүхдүүд болон сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгох танхимын бус хичээл, сургалтыг ч энэ төгөлд явуулах боломж бүрдэнэ.
БАНКНЫ ТӨГӨЛ байгуулах ажил гурван жилийн хугацаанд үргэлжилж, “Гуулин ногоон алмааз” хоршоо энэ хугацаанд тарьсан мод, зүлэгжүүлэлтийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлыг хариуцаж, 95 хувиас дээш ургалттай модыг аймгийнхаа ойн санд хүлээлгэн өгнө.
ТЭРБУМ МОД САН НЬ 2023 онд байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 3.5 сая гаруй мод тарьж ургуулаад байна. Өнөөдрийн байдлаар бүх аймгийн төв мөн УБ хотод БАНКНЫ ТӨГӨЛ-ийг байгуулсан сайн мэдээтэй энэ намрын бүх нийтээрээ мод тарих өдрийг угтаж байна.

Сэтгэгдэл