Мэдээ
Архангай аймгийн банкны төгөл Эрдэнэбулган сумынхаа яг төв, Булган уулын хормойд байрлалтай. Энд нийтдээ 6200м2 талбайд ТЭРБУМ МОД САН-ийн санхүүжилтээр 3220 мод тарьсан. Бусад аймгийн БАНКНЫ ТӨГӨЛ-тэй харьцуулахад хамгийн олон гоёлын модыг энд тарьж ургуулж чадсан.
Тухайлбал, хайлаас 1550, шар хуайс 950, голт бор 420, гүйлс, монос, агч, гандигар гээд суурин газрын өнгө үзэмжид хамгийн их чимэг нэмдэг моддыг энд тарьж ургуулжээ.
Сони: ТЭРБУМ МОД САНГИЙН санхүүжилтээр 2024 оны долдугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багт байрлах талбайд БАНКНЫ ТӨГӨЛ байгуулж нээлтээ хийж байсан. Өмнө нь энэ талбай зэрлэг өвсөндөө дарагдсан ганц, хоёрхон модтой, “орхигдсон газар” байсан бол төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “Цэцэрлэг мандал Ар” компани мод тарихад хамгийн тохиромжтой хөрсөөр газраа бэлтгэж 10-аад төрлийн 3550 мод тарьж, 600м2 талбайг зүлэгжүүлэн, төгөл рүү орох, гарах хаалгыг нь засаж, модон хийцлэлтэй хоёр сүүдрэвч, явган хүний замыг шинээр барьжээ.

Сони: ТЭРБУМ МОД САН-гаас “Цэцэрлэг мандар Ар” компанитай гурван жилийн хугацаатай гэрээ байгуулан, мод тарилт, арчилгаа, хамгаалалт гээд энэ төгөлийг жишиг төгөл болгох бүх зардлыг хариуцан ажиллаж байна. Тэрбум мод сангийнхан орон нутагт ажиллаж, санхүүжилт олгосон төсөлтэйгөө танилцахад модны ургалт 95 хувь, мөн иргэдийн толгойн өвчин болсон ногоон байгууламж руу мал орох асуудлыг ч тус компанийнхан Монголбанкны Архангай аймаг дахь салбартайгаа хамтран шийдэж чаджээ. Мөн аймгийн тохижилт үйлчилгээний газрынхан өдөр бүр цэвэрлэж, компанийн ажилчид модны хуваарьт усалгааг тогтмол хийдэг гэж байлаа.
Одоо Архангайчууд болон гадна, дотны жуулчдын амрах тухлах хамгийн тохитой газруудын нэг, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх дуртай төгөл болж чадсан байна. Архангай аймаг дахь Монголбанкны салбарынхан энд номын АТМ байрлуулж, хүүхдүүд энэ төгөлийн шинэ эзэд болжээ. Сургуулиуд төрөл бүрийн уралдаан зохион байгуулдаг. Банкны нэрэмжит АХА уралдааныг нь хүүхдүүд тэсэн ядан хүлээдэг болжээ. Мөн жуулчдад өөрийн аймгийн үүх түүхээ танилцуулах, сурталчлах ажлыг ч БАНКНЫ ТӨГӨЛ-дөө явуулж хэвшсэн гээд төгөл байгуулаад хараад суух бус олон нийтийн эрэлтэд тулгуурласан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг болсон нь ТЭРБУМ МОД САНГИЙНХАН цаг үеэ мэдэрсэн, нийтэд хэрэгтэй төсөл санхүүжүүлж чадсныг харуулж байна.


Сэтгэгдэл