Мэдээ
Одоогоос нэг жилийн өмнө Завхан аймгийн
Улиастай сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт байрлах “Өндөр толгойн эрэг”
гэдэг газар Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж,
бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд БАНКНЫ ТӨГӨЛ байгуулж эхэлсэн. 


Завхан аймгийн БАНКНЫ ТӨГӨЛ бусад аймагтай харьцуулахад харьцангуй том талбайтай, Улиастай голын сав газар байгуулагдснаараа онцлог. Нийтдээ 16.000 м2 талбайд 1.700 ширхэг мод тарьж арчлан хамгаалж цэцэрлэгжүүлэх, сүүдрэвч, хашаа хамгаалалт барих ажлын гүйцэтгэгчээр “Шилмүүст модны төгөл” ХХК ажиллаж байгаа бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ 3 жилийн хугацаанд гүйцэтгэнэ.
Тэрбум мод сангийн ажлын албаныхан Завхан аймгийн БАНКНЫ ТӨГӨЛ-өө газар дээр нь очиж үзэхэд модны ургалт сайн байсан. Иргэдийн амрах тухтай орчинг бүрдүүлэх үүднээс модон сүүдрэвч 2-ыг нэмж барихаар тохирлоо. Монголбанкны салбарын захирал Б.Амартүвшин: Улиастай хотын хүн ам жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Хүн амын өсөлттэй холбоотойгоор аймгийн төвөөсөө баруун урагшаа тэлж, БАНКНЫ ТӨГӨЛ-өө байгуулсан газруудад орон сууцны шинэ хорооллууд баригдаж эхэлсэн. Бид ирээдүйг харсан газрын сонголт хийсэн гэж хэлж болно. Хамгийн тулгамдсан асуудал малтай иргэд хашаа хайсыг эвдээд малаа оруулаад байна. Манай нутагт өнгөрсөн зун гантай байж, хадлан бэлтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хэдийгээр гантай байсан ч модны ургалт сайн байгаа. Үүнтэй холбоотойгоор байнгын хараа хяналт тавихгүй бол малаа төгөл рүү оруулчих юм. Энд хяналтын камер бас хашааг нь сайжруулах талаар Шилмүүст модны төгөл ХХК-ийн захирал Д.Баттөгстэй ярилцсан. Улиастайд арилжааны 4 банк ажиллаж байна. Эдгээр банкуудтайгаа хамтраад шинэ хаяг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэсэн мэдээлэл өглөө. Улиастай хот нь Монгол орны цаг агаарын эрс тэс уур амьсгалтай бүсэд оршдог. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мод тарих ажлыг идэвхжүүлэхэд Тэрбум мод сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа БАНКНЫ ТӨГӨЛ туршилт судалгааны шинэ бааз болж байна.


Сэтгэгдэл