English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

Дендрологич Б.Чимэд: Тарьсан модоо заавал ургуулдаг танай сангийн хамт олноор бахархаж байна. 

Тэрбум мод сангийнхан Техникийн хорооны гишүүдээ хүлээн авч уулзах үеэр Байгаль орчны гавьяат ажилтан, ойн зөвлөх инженер, дендрологич доктор, профессор Б.Чимид ажлыг нь ийнхүү үнэлсэн юм. Тэрээр мод тарина гэдэг нэг хэрэг. Харин тарьсан модоо ургуулаад, гурван жил арчилж тордоод ойн санд хүлээлгэж өгдөг хариуцлагын тогтолцоо л манайд дутагдаад байсан юм. Энэ орон зайг Банкны салбарынхны санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийнхан ойн салбарт үлгэрлэж байна гэлээ.

uploaded picture

Тэрбум мод сан нь 2022 онд байгуулагдсан. Удирдах зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг бол Хяналтын хороо нь 3 гишүүнтэй. Харин Техникийн хороо нь ойн салбарт мэргэшсэн, тарьсан модны тоо, тархинд үрслүүлсэн судалгааны ажлаараа салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Техникийн хорооны гишүүд Тэрбум мод сангийн санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа төслийн явцтай газар дээр нь танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх улмаар төслийн сонгон шалгаруулалтыг хөндлөнгийн нөлөөлөлгүй шударга шалгаруулах үнэлгээ өгч ажилладаг. Ийнхүү төсөл хүлээн авахаас тарьсан мод нь ургаж, орон нутгийн ойн санд хүлээлгэн өгөх хүртэлх бүх явц мэргэжлийн, мэргэшсэн багийн дэмжлэгтэй хэрэгждэг тул Тэрбум мод сангийн модны ургалт 90 дээш хувийн ургалттай байна.

Уулзалтын эхэнд Сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа Тэрбум мод сангаас өнгөрсөн хугацаанд санхүүжүүлэн, хэрэгжүүлсэн төслүүдээ танилцуулж, удахгүй 2026 оны төслөө 10-р сараас зарлах гэж байгаа тухай мэдээлэл өглөө. Мөн цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар товч мэдээлэл өгсөн юм.

uploaded picture

Тэрбум мод сан нь байгуулагдсан цагаасаа нийтдээ 1,435 га газрыг зүлэгжүүлж, 3.2 сая мод тарьсан. 90 гаруй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллаж байна. Үүнд Төрийн өмчит сургууль, цэцэрлэг, эмнэлгийн гаднах талбайд мод тарин тохижуулан 27 мянган хүүхдэд ногоон орчин бэлэглэж, 85 ажлын байрыг шинээр бий болгож, шинжлэх ухааны 5 туршилтыг хэрэгжүүлж, 805 мянган хүнд экологийн боловсрол олгож, мод тарих нөлөөллийн аянд уриалжээ. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд томоохойн талбайг хамарсан уулын ойжуулалт хийсэн бол Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойд зориулан бүх аймгийн төвд Банкны төгөл байгуулжээ. Энэ бүх ажил нь ойн салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг эдийн засгийн хувьд бэхжиж хөл дээрээ бүрэн зогсох, ажилтнуудыг нь чадавхижуулах давхар зорилготой гээд Банкны салбарынхан нийтдээ 50 сая мод тарих том зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа техникийн хорооны гишүүдэд талархал илэрхийллээ.

uploaded picture

uploaded picture

Уулзалтын үеэр, ойн салбарын эрдэмтэд, мод ургуулах ажлыг кампанит ажил болгон өрнүүлэхээс илүү санхүүжилтийг нь хариуцлагатай холбож, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлж байгаа нь сайн хэрэг. Шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд суурилсан үйлдвэрлэл, ахмад үеийн ажлын туршлага амжилттай ажиллах нэг гол хөшүүрэг. Тэд, Тэрбум мод сангийнхан ойн салбарт хөгжлийн нэг шинэ жишиг тогтоож байна гээд манай салбарын эрдэмтдийн байнга орж гарч, саналаа солилцож байдаг сантай болсонд баяртай байдгаа илэрхийлээд мэргэжлийн номын сантай болоход бүх талаар дэмжиж ажиллана хэмээн номын дээжээсээ бэлэглэлээ.

uploaded picture


Сэтгэгдэл

Иргэн

2025.10.14

ойг самарсан хөгшчүүл одоо болимоор юм даа