English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

Б.БАЯРМАА: МАНАЙ САН МОД ТАРИХ АЖЛЫГ ҮР ДҮНГЭЭР НЬ САНХҮҮЖҮҮЛДЭГ ТУЛ УРГАЛТЫН ХУВЬ ӨНДӨР БАЙГАА

- Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд 3,700 мод тарьж, модны ургалт өнөөдрийн байдлаар 90-ээс дээш хувьтай байна.

- Манай сан бол хувийн хэвшлийнхэн буюу банкны салбар хамтран байгуулсан Монгол улсын Ерөнхийлөгчийн Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан. Санхүүжилт нь буцалтгүй санхүүжилт, 3 жилийн хугацаатай.

- МУИС-ийн Экологийн сургуульд шавжийн зочид буудлыг анх удаа барихад хамтарч ажилласан. Мод тарина гэдэг биологийн олон янз байдлын нөхөн сэргээлтийг хамтад нь хамгаалах давхар ач холбогдолтой шийдэл. Энэ дэлхий, эх болсон байгаль ганцхан хүнд зориулагдаагүй, ан амьтан, араатан жигүүртэн, шавж хорхой хүртэл зэрэгцэн амьдрах өлгий нутаг нь юм.

Энэ бүх сонирхолтой мэдээллийг Тэрбум мод сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа Эдийн засгийн клубын сэтгүүлчид оролцсон өглөөний уулзалтын үеэр танилцуулсан юм. Мод тарих дундрашгүй их ажил, ойжуулалтын талаар ярилцсан өглөөний уулзалтад 10 гаруй редакцын сэтгүүлчид оролцож, нарийн түвэгтэй энэ ажлын арын фронтын нууцаас мэдээлэл хуваалцлаа.


uploaded picture

- Манай сангийн санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн модны ургалт 90-ээс дээш хувьтай байна.

- Дундговь аймгийн Хулд суманд хавар, намрын салхи ихтэй үед хэдэн өдөр тасралтгүй элсээр нүүр нүдгүй шуурч, гэрийнхээ үүдийг ч онгойлгож чадахгүй болтол элсний нүүдэлд говийнхон өртөх болжээ. Ямар сайндаа л манай говийн шар шуурга Солонгост хүрч, нислэг саатсан яриа одоо ч хуучраагүй байна. Байгаль орчны доройтол, цөлжилт Хулд сумынханы амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байгаагийн хамгийн энгийн нэг жишээ юм. Иймд Хулд сумын баруун хойд хэсэгт буюу салхины гол чиглэлийг хааж, ойн зурвасыг байгуулах ажлыг санхүүжүүлэн ажиллаж байна. 

- Монгол орон цэвэр усны хомсдолд орох эрсдэл хаяанд тул11ж ирээд байгаа учраас уулын ойжуулалт, ойн нөхөн сэргээлт тхийхэд анхаарч, хоёр удаагийн түймэрт өртсөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 2.9 сая ширхэг мод тарьсан.

- Зарцуулсан хөрөнгө, тарьсан мод бүхэн ургах нэг гол хөшүүрэг нь тухайн бүс нутагт нутагшсан, зөв модыг л тарих хэрэгтэй. Эхлүүлсэн ажлаа үр дүнд хүргэе гэвэл эрдэмтдийнхээ үгийг сонсож, шинжлэх ухаанчаар хандаж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлж байна.

- Тэрбум мод сангийнхан төсөл хэрэгжүүлснээр манай нутагт сүүлийн 10 жилд огт ургаагүй, устсан ургамал дахин ургаж эхэлжээ...энэ үгийг малчдаасаа сонсох үнэхээр сайхан байсан.

uploaded picture

uploaded picture

Банкны салбарын санаачлагаар Тэрбум мод санг 2022 онд байгуулсан. Бүтцийн хувьд Удирдах зөвлөл нь долоон хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг бол, Хяналтын хороо нь гурван гишүүнтэй. Зарцуулсан бүх хөрөнгийг зориулалтын дагуу байгаа эсэхэд банк шиг хяналтын тогтолцоотой. Энэ ч утгаараа дээр дурдсанчлан Тэрбум мод сангийн сонгон шалгаруулж, санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа бүх төсөл хөтөлбөрийн модны ургалт 90-ээс дээш хувьтай байдаг. Үүнээс гадна ойн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн судлаач, эрдэмтдээс бүрдсэн техникийн хорооны гишүүд нь мэргэжил, арга зүйн зөвлөгөөг газар дээр нь өгч, ирүүлсэн олон төслөөс алийг нь сонгох вэ гэдгээ хараат бусаар сонгодог.

Өнөөдрийн байдлаар таван чиглэлээр төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулж, санхүүжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, төрийн өмчит сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн гаднах талбайд мод тарьж, зүлэгжүүлэн тохижуулсан. Модтой орчинг харж өссөн хүүхэд модоо хайрлаж, том болоод амьдрах орчиндоо мод тарьдаг хүмүүжилтэй болж өснө. Байгаль, экологийн хичээл сургуулийн орчинд бодитоор орвол хүүхдүүдэд хэрэгтэй гэж үздэг.

Мөн цөлжилтөд хамгийн их нэрвэгдэж байгаа говийн бүс нутагт салхинаас хамгаалах ойн зурвас байгуулах судалгаа шинжилгээний ажлыг Дундговь, Өмнөговь аймагт хэрэгжүүлж байна. Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд бүх аймгийн төвд банкны төгөл байгуулсан. Энэ бол хаана ч мод ургаж болдогын сайн жишээ.

uploaded picture

2022 оноос хойш нийтдээ 1,435 га талбайг зүлэгжүүлэн 3.3 сая мод тарьж, 805 мянган хүнд экологийн боловсрол олгож, 28 мянган хүүхдийг ногоон орчинд сурч хөгжих боломжийг бүрдүүлж, шинээр 80 гаруй хүнийг ажлын байртай болгожээ.

Тэрбум мод санг банкны салбарынхан хамтран байгуулж, системийн хэмжээнд нийтдээ 50 сая мод тарих зорилт тавин ажиллаж байна. Тэгвэл сэтгүүлчид та бүхэн хийж байгаа ажлаараа дамжуулан хүн ардынхаа тархинд оюуны үр суулгадаг бол бид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мод тарих ажлыг эрчимжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Иймд, манай хоёр салбарын хамтын ажиллагаа ирээдүйд учрах эрсдэлийг хаахад чиглэж байгаагаараа ижил төстэй билээ.

Уулзалтын үеэр сэтгүүлчид тарьсан модоо хаана бүртгүүлдэг вэ, яагаад гэрээний хэрэгжих хугацааг заавал гурван жилээр зааж өгдөг, Монгол Улсад карбон кредитийн зах зээлд шинэ тоглогч болох боломж хэр байна? Мод тарих ажлыг төрөөс бодлогоор хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ, Банкны төгөл байгуулсны давуу тал, эерэг нөлөөлөл юу вэ? Төслөө хэзээ яаж хүлээн авдаг вэ гээд сонирхсон асуултдаа хариулт авлаа. 

uploaded picture

Сэтгэгдэл