Мэдээ
Тэрбум мод сангаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум болон Хушаат суманд
шатсан ойг нөхөн сэргээх зорилгоор өнгөрсөн жилээс орон нутгийн аж ахуйн
нэгжүүдтэй хамтран мод тарьж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг болон Хушаат суманд
доройтсон ойг нөхөн сэргээж, унаган төрхөнд нь оруулах үүднээс нийтдээ
1000 га газарт 2.875.000 ширхэг шилмүүст мод тариад байна. Хэдийгээр өнгөрсөн зун Сэлэнгэ аймгийн нутгаар цаг агаар халж, гантай байсан ч
суулгацаар тарьсан нарсны ургалт сайн байна.
Модны ургалт ийнхүү сайн байгаа нь Тэрбум мод сангийнхан томоохон талбай хамрах уулын ойжуулалтыг хийхдээ тухайн орон нутгийнхаа газар зүйн онцлогийг сайн мэдэх мөн энэ салбарт хэдэн үеэрээ ажиллаж мэргэшсэн багийг сонгосонтой холбон тайлбарлаж болно. Ийнхүү орон нутгийн компаниудыг сонгосон нь эдийн засгийн хувьд тэднийг бэхжүүлэх замаар компанийн ажиллах боловсон хүчнийг нь энэ салбартаа олон жил тогтвор суурьшилтай, бүтээлч ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Ер нь Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн эхлэхээс өмнө ойн салбарт ажиллаж байсан аж ахуйн нэгжүүд тархай бутархай, төсөл хөтөлбөрт хамрагдах нь бага, санхүүгийн хувьд сул, ойн чиглэлээр сонирхож суралцах залуусын тоо ч бага байсан. Тэгвэл Тэрбум мод сангийнхан банкны салбарынхан 50 сая мод тарих амлалтыг бодит ажил хэрэг болгохдоо ийнхүү орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлогыг түлхүү баримталж, компани тус бүрт 50-100 га талбай өгч мод тарих, арчлах хамгаалах бүх зардлыг санхүүжүүлэн ажиллаж байна. Ингэснээр шинэ үеийн бүтээмж өндөртэй техник хэрэгслээр хүч сэлбэх, чадвартай ажилтнаа тогтоон барих гээд олон эерэг өөрчлөлт ойн санг баяжуулахтай зэрэгцэн ойн салбарт гараад байна.
Хяналтын тооллогыг уулын ойжуулалтаар мэргэшсэн техникийн хорооны
гишүүд мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрынхнаас гадна орон нутгийн байгаль орчны
мэргэжилтнүүд хамтран хийлээ. Тэрбум мод сантай гэрээ байгуулан
ажиллаж байгаа ах ахуйн нэгжүүд гурван жилийн хугацаанд тарьсан модныхоо
ургалт, арчилгаа, нөхөн тариалтыг хариуцан ажиллах үүрэгтэй. Үүний
дараа 90 хувиас дээш ургалттай модоо санд хүлээлгэн өгч, улмаар Монгол
орны ойн санд бүртгүүлнэ. Харин хяналтын тооллогыг жил бүрийн намар
зохион байгуулдаг уламжлалтай.
Сэтгэгдэл